ОХУ-ын Приморскийн хязгаарын Владивосток хотноо өчигдөр орой “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадам нээлтээ “Фетисов арена” спорт цогцолборт хийлээ. Наадамд оролцож байгаа Армен, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Киргизстан, Ливан, Монгол, ОХУ, Пакистан, Тайланд, Туркменистан, Узбекистан зэрэг 13 орны 1,355 тамирчдын жагсаал боллоо.
Наадамд спортын 19 төрлөөр болж, 273 багц медаль гардуулах ба тэмцээнүүд долдугаар сарын 28-нд элсний волейболын төрлөөр хотын төв талбайд эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 8-нд дуусна.
Монголын тамирчид спортын таван төрөлд /жүдо, самбо, кураш бөх, мас рестлинг, усан сэлэлт/ 48 хүний бүрэлдэхүүнтэй баг Биеийн тамир, спортын улсын хорооны шууд удирдлагатайгаар оролцож байна. Манай тамирчдын тэмцээн өнөөдөр усан сэлэлтийн төрлөөр эхэлж, УТЦ Олимпиеца нэртэй олимпын стандартын бассейнд тамирчид гараандаа гарч уралдана.
Өсвөрийн тамирчид Владивосток хотноо “Океан” олон улсын хүүхдийн төвд амьдарч, олимпын тосгоны адил бүх нөхцөлөөр хангагдсан гэдгийг Биеийн тамир спортын Улсын хорооноос мэдээллээ