Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат аймгийн арслан Э.Нямаа баяр наадмын бөхийн барилдааны тавийн даваанд улсын заан Н.Жаргалбаяраар давж улсын начин цолны болзол хангасан. Албан бус мэдээллээр Өмнөговь аймгийн удирдлагуудын зүгээс 400 гаруй сая төгрөг гаргаж нутгийн бөхөө улсын начин болгосон гэх.
Учир нь энэ жилийн Үндэсний их баяр наадмын тавын давааны ам авах үеэр Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч гэх эрхэмтэй утсаар ярьж байгаа бичлэг олонд нийтэд хүрсэн. Тодруулбал, тус бичлэгт “Өмнөговь аймгийн засаг даргын орлогч байна. Чи манай Нямааг авчих. Хэд юм, Чи тоогоо хэл” зэргээр хөлийн цэцийн өмнө утсаар ярьж байгаа нь олон нийтэд хүрсэн.
Тэгвэл Н.Жаргалбаяр “Өдрийн сонин”-ы өчигдөр /2022.07.27/-ийн дугаарт энэ асуудлаар тодруулга өгсөн байна. Тэрээр, “Тавын давааны өмнө хүн над руу залгаж тийм утгатай зүйл асуусан. Би шууд л утсаа тасалсан шүү дээ. Тавын даваанд давна гэсэн бөхөө л амлаад барилдсан. Унасан. Хуулийн байгууллага, АТГ-аас шалгах бол би яваад очиход бэлэн байгаа. Би хууль бус үйлдэл, гэмт хэрэг хийгээгүй. Одоогоор над руу хууль хяналтын байгууллагаас залгаж, асууж шалгаасан зүйл алга” гэжээ.