БИДНИЙ ТУХАЙ: “Цэргийн Ралли” тэмцээнийг анх удаа Орос, Монгол гэсэн хоёр улсын нутаг зэрэг зохион байгуулна гэж мэдээлжээ

БИДНИЙ ТУХАЙ: “Цэргийн Ралли” тэмцээнийг анх удаа Орос, Монгол гэсэн хоёр улсын нутаг зэрэг зохион байгуулна гэж мэдээлжээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулах “Цэргийн ралли-2022” олон улсын цэргийн мэргэжлийн тэмцээн ирэх наймдугаар сарын 13-27 /2022.08.13-27/-ны хооронд зохион байгуулагдах талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ.

Харин Орос Украин руу түрэмгийлж, олон улсын хоригт ороод байгаа энэ цагт манай улс ОХУ-тай хамтран цэргийн сургуулилт хийх нь буруу гэж олон иргэд үзэж байна. Харин энэ асуудалд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Засгийн газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас ямар ч албан ёсны тайлбар хийгээгүй байна.  

ТодруулбалТАСС агентлагийн албан ёсны шинэчилсэн мэдээллээр, “Цэргийн Ралли” олон улсын армийн наадам анх удаа ОХУ, Монгол гэсэн хоёр нутаг дэвсгэрт нэгэн зэрэг болох талаар мэдээлжээ. Тэмцээний үеэр 4х4, 6х6 дугуйтай Камаз, Урал тээврийн хэрэгслийн цэргийн жолооч нар бартаатай газар 1000 гаруй км замыг туулж, Тигр хуягт машины хажуу талаас Калашниковын пулемётоор туршилтын буудлага хийх ёстой бөгөөд 100 м-ийн зайд багийн бүрэлдэхүүнд АК-74 автомат буугаар байг онох зэрэг тэмцээнийг зохион байгуулах аж.

-ОХУ УКРАИН РУУ ДОВТОЛЖ, БАРУУНЫ ОРНУУДТАЙ ХУРЦАДМАЛ БАЙДАЛ ҮҮСЭН ҮЕД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА-

Харин тус тэмцээнд эхний байдлаар Монгол, ОХУ, Беларусь, Узбекистан зэрэг орны баг тамирчид оролцохоо албан ёсоор мэдэгдээд байсан бол БНХАУ нэмэгдэж байгаа аж. Тус улсын хэвлэлд онцолсноор “Ирэх сард болох цэргийн тэмцээнд БНХАУ Орос руу цэрэг, танк илгээж байгаа бөгөөд тэднийг ӨМӨЗО-ны Манжуураас Оросын Алс Дорнодын Забайкальск руу галт тэргээр тээвэрлэсэн” гэж мэдээлжээ. Мөн ОХУ, Барууны орнуудын хооронд хурцадмал байдал үүссэн энэ үед энэ төрлийн арга хэмжээнд Хятад улс нэгдэн оролцож байгаа нь анх удаа гэсэн байна. 

Харин Хятадын БХЯ-наас тодорхой мэдээлэл одоог хүртэл өгөөгүй байгааг онцолжээ.

Иймд манай улсын хувьд ч Орос Украин дайны нөхцөл байдалтай байгаа энэ үед ОХУ-ын цэргийн сургуулилт, тэмцээн уралдаанд манай улс оролцох нь хэр зохистой вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Тиймээс ч эдгээрийг эсэргүүцэх иргэд олон байна. Харин энэ талаар Засгийн газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас ямар ч тайлбар мэдээллийг одоог хүртэл хийгээгүй байна.

Эх сурвалж:TASS, South China morning post