Шууд нэвтрүүлгийн үеэр хуучин эхнэрээ шатааж хөнөөсөн эрийг Бямба гараг /2022.07.23/-т Хятадад цаазалсан тухай төрийн хэвлэлүүд мэдээллээ.
Хэрэгтэн Тан Лу-г баруун өмнөд хэсгийн Сычуань мужийн шүүх цаазалсан тухай “Global Times” сонинд Аба Төвд болон Цянь автономит мужийн Ардын дунд шатны шүүхээс иш татан мэдээлэв.
Хэргийг тодруулбал, 2020 оны есдүгээр сард Лхамо өөрийн ээлжит бичлэгээ шууд дамжуулж байх үед Танг түүний ард гарч ирээд, дээрээс нь бензин асгаж, шатаажээ. Лхамо түлэгдэлтийн улмаас хоёр долоо хоногийн дараа нас барсан юм. Тангыг халдлагын дараахан баривчлагдаж, 2021 оны аравдугаар сард цаазаар авах ял оноосон юм.
Тангийн хуучин эхнэр Лхамо нь Түвдийн өөртөө засах мужид тариачин байсан бөгөөд шууд бичлэг хийж нэлээдгүй дагагчтай болсон байжээ. Хосууд 2020 оны зургадугаар сард салсан хэдий ч түүний нөхөр дахин гэрлэх хүсэлт удаа дараа гаргаж эхнэр нь татгалзсаар байсан аж.
Уг хэрэг үндэсний болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн тархаж, Хятадад эмэгтэйчүүдийг хүчирхийлж, зүй бусаар харьцаж байгаа тухай, мөн тус улсын хууль эрх зүйн тогтолцоо хохирогчдыг хамгаалж чадахгүй байхад гэмт хэрэгтнүүдийг амархан өршөөдөг тухай хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэж байв.
Эх сурвалж: CNN