Энэ жил Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд 14 бөх тав давж, улсын начин цол хүртсэн. Тэдний нэг нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ө.Батзул юм. Бид түүнийг iSee.mn сайтын "Сошиал ID" буландаа урьж, ярилцлаа.
ВИДЕО:
Танд юунд түрүүнд Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давж, улсын начин цол хүртсэнд нь баяр хүргэе. Өөрийгөө үзэгч, уншигчдадаа танилцуулахгүй юу?
Намайг Өлзийсайхан овогтой Батзул гэдэг. Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин. ОУ-ын хэмжээний мастер цолтой. Үндэсний бөхийн улсын начин цолтой.
Хоёулаа яриагаа таны баярын сэтгэгдлээр эхлүүлье. Сэтгэгдлээ та хуваалцаач. Баярын уур амьсгал хэр байв?
Сэтгэгдэл маш өндөр байгаа. Түүхт 100 жилийн ой гэдэг утгаараа бас улсын цолын босго алхсандаа маш их баяртай байгаа. Баяраа ард түмэнтэйгээ хуваалцсан тийм сайхан үйл явдал боллоо.
Та бөхийн спортоор хэдэн настайгаасаа хичээллэсэн бэ. Чөлөөт бөхөөр хичээллэдэг гэсэн шүү дээ?
Анх 2008 оноос бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Одоогоор чөлөөт бөх Үндэсний бөх хоёрыг хослуулаад хичээллэж байна даа.
Анхны юм бүхэн мартагдашгүй байдаг. Таны анхны цол авч үеийнхээ дурсамж,сэтгэгдлээс хуваалцаач?
Тэгэлгүй яахав. Маш тод өчигдөр юм шиг л санаж байна. Анх 2016 онд Орхон аймгийн баяр наадамд зургаа даваад аймгийн харцага цолыг хүртэж байлаа. Өнгөрсөн 2020, 2021 онд Орхон аймгийн баяр наадамд баярлаж түрүүлж байсан. Тэгээд энэ жил улсынхаа баяр наадамд оролцож начин цол хүртсэн. Би хоёр удаа л улсын баяр наадамд барилдсан. Эхнийх дээрээ эхний даваа нь дээрээ л унаж байсан юм. /инээв/
Улсынхаа баяр наадамд тав давчхаад хамгийн түрүүнд хэнтэй баяраа хуваалцсан бэ?
Гэр бүл, найз нөхөд, ард түмэнтэйгээ л хуваалцсан даа.
Тухайн үед таны начин цол хүртчихээд бүжиглэж буй бичлэг олны хайрыг хүргэсэн. Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?
Би өөрөө байнга боддог л байсан л даа. Бөхчүүд тойроод ард түмэнтэйгээ мэндчилээд явдаг шүү дээ. Тийм хэсэг байдаг. Яг тэр нь дээр би өөрийгөө ард түмэндээ арай өөрөөр ингэж мэндчилнэ гээд бодчихсон явдаг байсан. Яг тэр мөч маань энэ жил тохиосон. Бид нар барилдаж өрсөлдөхийн хажуугаар ард түмнийг баясгаж цэнгүүлэх үүрэгтэй тийм улсууд шүү дээ. Тэгээд бас уламжлалт хэв маягийг өөрчлөхийг зорьсон. Бас түүгээрээ маш олны талархлыг хүлээсэн байна лээ. Дотроо маш их баяртай байгаа.
Бүжгийн дугуйланд хичээллэдэг байсан уу?
Би их урлагт хайртай. Хүүхэд байхдаа дуулж бүжиглэх их дуртай хүүхэд байсан. Ганцаараа гэртээ байх үедээ дуу тавиад бүжиглэдэг. Ард түмний дунд бөх хүн гэдэг уламжлалт нийтлэг ойлголт байдаг л даа. Тэрийг жаахан өөрчилж чадсан байх гэж бодож байна.
Аймгийн удирдлагууд нь хүлээж авсан харагдсан. Сонин хачнаас хуваалцвал?
Тийм. Саяхан Орхон аймагтаа оччихоод ирсэн. Очиход манай аймгийн удирдлагууд их сайхан хүлээж авсан. Бас Энэрэл асрамжийн төвийн хүүхдүүд маань их сайхан хүлээж авсан. Сэтгэгдэл маш өндөр байгаа. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хүлээж авах тов гарсан байгаа.
Уучлаарай ийм асуулт асууж байгаад. Гэхдээ таныг Орхон аймгийн Энэрэл төвд өсөж хүмүүжсэн гэгддэг шүү дээ. Төвийнхөнтэйгөө хэр холбоотой байдаг вэ?
Хүний амьдралд янз бүрийн л асуудал байдаг шүү дээ. Тийм. Одоо болтол холбоотой байдаг. Маш олуулаа бид нар өсөж байлаа. Энэрэл төвийг мэдэхгүй хүмүүс байж магадгүй. Эрдэнэт үйлдвэрийн харьяа гэвэл хүнд арай ойр буух байх.
Энэрэл төвд хэдэн наснаасаа өсөж хүмүүжсэн бэ?
Тухайн үедээ би хоёр настай байсан. Эгч маань гурван настай. Би хоёр настай байсан. Тэр цагаас хойш маш их олон жил өнгөрсөн байна. Асрамжийн төвд сурч мэдсэн зүйл амьдрал дээр гараад маш их хэрэг болдог. Би жилдээ нэг юм уу хоёр удаа заавал төв дээрээ очоод хүүхдүүдтэйгээ нэг өдрийг өнгөрөөгөөд хүүхэд насан дээрээ очсон юм шиг сайхан мэдрэмжүүдийг авдаг.
Одоо гэр бүлтэй юу?
Одоо эхнэр хүүхдийн хамтаар амьдарч байна. Хөөрхөн хүүтэй. Амьдрал сайхан байна. /инээв/
Цаашид аль төрлөөрөө түлхүү хичээллэе гэж бодож байна?
Парисын олимп хүртэл чөлөөт бөхөөрөө барилдана гэсэн бодолтой байгаа. 30 нас хүртлээ. Тэрнээс цаашаа Үндэсний бөхөөрөө барилдаад явна.
Ярилцсанд баярлалаа. Та ард түмэндээ хандаад сэтгэлийн үгээ хэлэхгүй юу?
Ард түмнийхээ хайранд сайхан амьдарч байна. Ер нь хүүхэд байхаасаа л хүмүүсийн хайранд өслөө гэж би өөрийгөө боддог. Ард түмнийхээ, нийт үзэгчид, намайг дэмждэг маш олон хүмүүс та бүхний итгэлийг алдахгүй, нэрээ хичээж явах болноо гэж хэлэхийг хүсэж байна. Баярлалаа.