БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчид БНСУ-ын тодорхой заасан хот, онгоцны буудлаар дамжин 30 хоног хүртэл визгүй зорчих шийдвэрийг гаргасан.
Энэ хүрээнд манай Монгол улсаас визгүй журмаар хамгийн эхний ээлжийн 126 иргэн өнгөрсөн зургадугаар сарын 22-ны өдөр /2022.06.22/ тус улсын Чежү аралд эмчилгээ, аялал жуулчлалын журмаар очсон юм. Тэгвэл тус Монгол хэсэг бүлэг жуулчдын 23 хүн нь ажил эрхэлж, хууль бусаар оршин суухаар үлдсэн гэх мэдээллийг Солонгосын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацсан.
Тодруулбал, тус улсын томоохон хэвлэлүүдээр зургадугаар сарын 28-ны өдрүүдэд нийтлэгдсэн бөгөөд харин Монголын талаас “БНСУ-ын шар хэвлэл мэдээллээр ийм мэдээлэл цацагдсан. Одоогоор тус 23 иргэнийг эрэн хайхгүй. Дараа дараагийн нислэгээр ирэх байх. Монгол руу долдугаар сарын 09,14-ны өдрүүдэд нислэгтэй. Тэдний визний хугацаа нэг сар хүчинтэй” гэх мэдэгдлийг өгсөн юм.
Тэгвэл өнөөдөр /2022.07.22/ тус иргэдийн визний хугацаа албан ёсоор дууссан байна.
-ЧЕЖҮД ХУУЛЬ БУСААР ҮЛДСЭН ИРГЭДИЙН ЗАРИМ НЬ ОГТ ГЭРИЙНХЭНТЭЙГЭЭ ХОЛБОГДОХГҮЙ БАЙНА-
Тус нислэгээр хууль бусаар үлдсэн Монгол 23 иргэн эх орондоо ирээгүй бөгөөд эх сурвалжийн мэдээллээр, “Зарим нь ар гэртэйгээ ч холбогдохгүй холбоо тасарсан байна” гэх мэдээллийг өгсөн юм. Одоогоор Чежүгийн цагаачлалын алба болон Мокпо усан тээврийн алба хаагчид хууль бусаар үлдсэн гэх иргэдийг цааш нэвтрүүлэхгүй байх хяналт шалгалтын ажлыг чангатгасаар байна.
Одоог болтол Чежүгээс хууль бусаар зөвшөөрөлгүй гарах гэсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд хэрэв завдсан тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлнэ гэжээ.
Тэгвэл энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5 хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах юм. Одоогийн байдлаар тус улсад визгүй журмаар очсон манай улсын хоёрдугаар ээлжийн 150 Монголчууд энэ долдугаар сарын 13-ны өдөр /2022.07.13/ очсон бөгөөд тэдний хяналт шалгалтыг улам чангатгасан байгаа гэсэн юм. Мөн дахин хуваарьт нислэгтээ суухгүй, хууль бусаар оршин суух гэж үлдэх тохиолдол гарахгүй байх хэмээн найдаж байгаа талаар тус улсын хэвлэл онцолжээ.
Эх сурвалж: Jejusori, Jejunews, MBC, KBC