В.Путины залгамжлагч гэгддэг Николай Патрушевыг хордуулж, амь насанд нь халдахыг завдсан гэв

В.Путины залгамжлагч гэгддэг Николай Патрушевыг хордуулж, амь насанд нь халдахыг завдсан гэв

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев хордож, эмнэлэгт хүргэгдсэн талаар тус улсын цөөнгүй хэвлэл мэдээлжээ.

Тухайлбал, “Generall SVR” телеграм суваг "Өчигдөр Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевын амь насанд халдах оролдлого гарсан.

Энэ оролдлогын тухай болон мөрдөн байцаалтын ажиллагааны талаарх мэдээллийг маш чанд нууцалж байна. Николай Патрушев орой ажлаа тараад гэртээ харьсан даруйд бие нь тавгүйрхэж эхэлсэн.

Улмаар хамгаалалт шуурхай ажиллаж, эмч нарын багийг түүн рүү илгээж чаджээ. Эмч үзлэг хийн түүнийг ерөнхийлөгчид үйлчилдэг эмнэлгийн тасаг руу яаралтай тээвэрлэж явсан байна. Эмнэлгийн тусламж үзүүлсний дараа Патрушевын биеийн байдал тогтворжсон бөгөөд шинжилгээний үр дүнд уг хорт бодис нийлэг хор болох нь тогтоогдсон” гэжээ.

Мөн Их Британийн “DailyMail” сайт “арьсаар дамжин биед нэвтэрсэн хорт бодисын концентрац хангалтгүй байсан, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлж чадсанаар Патрушевын амийг аварсан гэж таамаглаж байна. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд энэ талаар ихээхэн нууцалж байгаа бололтой” гэжээ. ФСБ-ын нууц албаны дарга асан, Оросын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевыг В.Путиныг залгамжлах магадлалтай нэгэн гэдэг.

Эх сурвалж: Dailymail, Фокус