Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны өнөөдрийн (2019.10.16) хуралдаан 14 цаг 17 минутад 77.8 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцээд, холбогдох гишүүд албан томилолттой байгаа учир хойшлуулахаар шийдвэрлэлээ. Уг асуудлыг хойшлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн.
Дараа нь Улсын Их Хурлын зарим гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах тухай асуудлыг хэлэлцэв.
“Бид уучлахгүй хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас 09 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах хүсэлтийг ирүүлсэн байна. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүдээс холбогдох тайлбарыг бичгээр авсан болохыг Дэд хорооны дарга хэлэв. Уг хүсэлтийг хуралдаанаар хэлэлцээд, нэр бүхий гишүүдээс холбогдох тайлбар мэдээллийг авах, судалгаа хийх нь зүйтэй хэмээн үзэж Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг томилсон юм.
Энэ талаар Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "Тухайн гурван гишүүний хоёр нь гадаадад томилолтой яваа. Гурван гишүүн гурвуулаа тайлбараа ирүүлэх ёстойгоос одоогоор Ж.Мөнхбат гишүүн тайлбараа ирүүлээгүй байна. УИХ-ын гишүүний ёс зүйн байдлыг Ёс зүйн дэд хороо авч хэлэлцэхдээ дүрэмд заасны дагуу буюу тухайн гишүүдийг өөрсдийг байлгах ёстой. Тайлбараа тухайн гишүүд хэлэх эрхтэй.
Уг асуудлаар ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж зарим гишүүн үзэж байна. Дэд хорооны зарим гишүүний хувьд дээрх гурван гишүүдээс тайлбарыг нь авч дараагийн хуралдаанаар өөрсдийг нь байлгаж байгаад асуудлыг авч хэлэлцье гэдэг санал гаргаснаар өнөөдрийн хуралдааныг дуусгалаа. Ёс зүйн дэд хороо мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах эрхгүй” гэлээ.