Энэ долдугаар сарын 08-ны өдөр /2022.07.08/ Японы Нара хотод тус улсын Ерөнхий сайд асан 67 настай Шинзо Абэг буудаж хөнөөсөн хэрэг гарсан. Тэгвэл шалгалтын ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байгаа бөгөөд Японы хууль сахиулах байгууллагаас эхний ээлжид Ерөнхий сайд асан Абэг хамгаалж байсан хамгаалалтын албаныхан VIP зэрэглэлийн хүнийг бууны халдлагаас хамгаалах протоколыг дагаж мөрдөөгүй гэх дүгнэлтийг гаргажээ.
Тодруулбал, Абэг буудсан Нара хотын оршин суугч, ажилгүй 41 настай Ямагами Тэцуяа нь сайд асан руу араас нь ойртож ирээд хэдэн метрийн зайнаас хоёр удаа буудсан бөгөөд хоёр дахь сум эхний буудлагаас бараг гурван секундийн дараа буудсан гэжээ. Хамгаалалтын алба энэ үеэр хамгийн эхэнд эхний буун дуу гарахад л Абэг түлхэж, бүсэлж, дараа нь машин руу эсвэл өөр аюулгүй газар аваачих ёстой байсан ч тийм алхмыг хийгээгүй нь хамгаалах журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа аж. Иймд тус улсын үндэсний цагдаагийн газар Абэгийн үхэлд нөлөөлсөн байж болзошгүй асуудлыг шалгаж байна хэмээн мэдэгдээд байна.
Эх сурвалж: NHK