Буриад сурын эмэгтэйчүүдийн харваанд З.Пэрэнлэй түрүүлж, Д.Эрдэнэтуяа удаалав

Буриад сурын эмэгтэйчүүдийн харваанд З.Пэрэнлэй түрүүлж, Д.Эрдэнэтуяа удаалав

Үндэсний их баяр наадмаар монголчууд урианхай, буриад, монгол үндэсний гэсэн сурын харвааны гурван төрлөөр наадан онч, мэргэнээ сорьдог. Өнөөдөр үндэсний сурын харваа хана харваагаар Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Энэ жилийн үндэсний сурын харваанд эрэгтэй 360, эмэгтэй 180, нийт 540 шигшмэл харваач оролцон, цэц мэргэнээ сорьж байгаагаас Дархан мэргэн 3, Даяар дуурсах мэргэн 2, Даян мэргэн 6, Улсын мэргэн 18 байна.

Өнгөрсөн хоёр өдөр урианхай болон буриад сурын харвааны мэргэнүүд тодров. Урианхай сурын харваанд 330 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул ”Хан харваа” сурын холбооны болон Ус цаг уур, орчны шинжилгээний газар, “Эрдэнийн шим” компанийн харваач, спортын дэд мастер Б.Мөнхзориг 24 оноогоор түрүүлж, урианхай сурын Улсын мэргэн болсон юм.

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, БХЯ-ны спортын “Алдар” хороо, “Жем интернэшнл” компанийн харваач, урианхай сурын Улсын хошой мэргэн Д.Мөнхгэрэл удаалсан бол гуравдугаар байранд Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, спортын мастер Э.Хосбаяр, дөрөвдүгээр байрт спортын мастер Н.Батулга нар шалгарлаа. Энэ удаа Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд урианхай сурын харвааны тэмцээнийн төрөлд анх удаа 4-5 дугаар байрыг шалгаруулжээ. Урианхай сурын харвааны холбооноос түрүүлсэн харваач нарт автомашин гардуулав.

Түүнчлэн Улсын их баяр наадмын буриад сурын харвааны эмэгтэй харваачдаас Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, “Мандалговь хүнс” компанийн харваач, аймгийн мэргэн, спортын дэд мастер З.Пэрэнлэй түрүүлж, буриад сурын Улсын мэргэн цол хүртсэн юм. Завхан аймгий Түдэвтэй сумын харьяат, Хан-Уул дүүрэг, “Петровис” компанийн харваач, Улсын мэргэн Д.Эрдэнэтуяа хоёрдугаар байрт, гуравт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Монгол харвааны “Мондой” багийн харваач, Монгол Улсын гарамгай харваач Ч.Гандаваа орсон юм.