Өчигдөр /2022.07.08/ орон нутгийн цагаар 11:30 цагийн орчимд Японы Нара хотод үг хэлж байсан 67 настай тус улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэг буудаж хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан.
Тодруулбал, 41 настай Тэцуя Ямагами гэх зэвсэгт этгээд Нара хотод улс төрийн компанит ажлын үеэр иргэддээ үг хэлж байсан Шинзо Абэг хойноос нь хоёр удаа буудаж амь насыг нь хөнөөсөн юм. Одоог хүртэл хэрэгтнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд Шинзо Абэг ямар нэг бүлэглэл, байгууллагын нэг хэсэг учраас буудсан гэх мэдүүлгийг тэрээр өгсөн талаар олон улсын хэвлэлд мэдээлжээ.
Ямартай ч хэрэгтэн Тэцуя Ямагами нь ямар нэг бүлэглэлд дургүйцлээ илэрхийлж тус хэргийг үйлдсэн бөгөөд зохион байгуулалттайгаар Ерөнхий сайд асан Шинзо Абэг үг хэлэх гэж иртэл нь хүлээж байсан нь тодорхой болжээ.
Хэргийг үйлдэхдээ гар хийцийн буугаар буудсанаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус зэвсгийг төмөр, модоор хийж туузаар ороосон байсан аж. Хожим сүүлд хэрэгтний гэрт нэгжлэг хийхэд хэд хэдэн гар буу, тэсрэх бодис олджээ. Харин хэрэгтний хувьд ямар нэгэн томоохон болоод жижиг бүлэглэлтэй хамтарч тус хэргийг үйлдсэн эсэхийг шалгаж байгаа талаар албаныхан мэдээлээд байна.
Эмч нар Абэг аврахын тулд олон цаг ажилласан ч орон нутгийн цагаар 17:03 цагт нас барсан хэмээн мэдэгдэж өнөө өглөө /2022.07.09/ талийгаачийн цогцсыг Токио дахь гэр лүү нь аваачихаар эмнэлгээс авч явжээ. Одоогоор Японы олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Бид хүчирхийллийг биш ардчиллыг хүсэж байна” гэх хаштаг тренд болж байгаа бөгөөд бүхий л иргэд тус хэргийн талаар жигшин зэвүүцэж байгаагаа илэрхийлсээр байна.
Эх сурвалж: BBC, NHK