Эмч нар Японы удирдагч асан Шинзо Абэг "аврахын төлөө тэмцэж" байна гэж мэдэгджээ

2022-07-08 17:02

ШУУРХАЙ: Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ таалал төгссөн тухай NHK мэдээллээ

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ өнөөдөр /2022.07.08/ Нара хотын ойролцоо сонгуулийн сурталчилгаанд оролцож, үг хэлж байхдаа бусдад буудуулж нас барсан тухай олон нийтийн NHK телевиз эрх баригч Либерал ардчилсан намын эх сурвалжаас иш татан мэдээллээ. 

Эх сурвалж: CNN

2022-07-08 16:53

"Ерөнхий сайд асанд эмнэлэгт цус сэлбэж байна" гэж Абэгийн ах хэлжээ

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэд цус сэлбэж байгаа талаар тус улсын Батлан хамгаалахын сайд Абэгийн дүү Нобуо Киши мэдэгджээ. Тэрээр, ”Абэ одоо Нарагийн эмнэлэгт байгаа бөгөөд цус сэлбэх зэрэг ухаалаг эмчилгээ хийж байгаа гэж надад хэлсэн" гэжээ. Мөн Нобуо Киши, “Абэгийн сонгуулийн сурталчилгааны үеэр үг хэлж байхад нь болсон тус халдлага бол ардчиллыг доромжилсон хэрэг" хэмээжээ.

Эх сурвалж: CNN

2022-07-08 16:20

Гэмт этгээд Шинзо Абэд дургүйцэж, хөнөөх зорилготой байсан гэж мэдүүлжээ

Өнөөдөр /2022.07.08/ Японы Нара хотод тус улсын ЕС асан Шинзо Абэг 41 настай эрэгтэй буудаж шархдуулсан хэрэг гарсан. Тэгвэл сэжигтэн этгээд нь Нара хотын оршин суугч бөгөөд 2005 он хүртэл Японы тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчинд гурван жил ажиллаж байсан нэгэн аж. Тэрбээр цагдаагийн алба хаагчдад Японы Ерөнхий сайд асанд дургүйцэж, түүнийг алах зорилготой байсан хэмээн мэдүүлжээ. Гэхдээ Абэгийн улс төрийн итгэл үнэмшлийн эсрэг дургүйцдэггүй гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: NHK

2022-07-08 14:12

Эмч нар Японы удирдагч асан Шинзо Абэг "аврахын төлөө тэмцэж" байна гэж мэдэгджээ

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ цээж болон хүзүүндээ буудуулсан байж болзошгүй гэж Японы олон нийтийн NHK телевиз мэдээлсэн байна. Харин Японы Ерөнхий сайд Фумио Кишида хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Шинзо Абэгийн биеийн байдал маш хүнд байгаа бөгөөл эмч нар түүнийг аврахын төлөө тэмцэж байна" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

2022-07-08 12:52

"Шинзо Абэгийн биеийн байдал тодорхойгүй байна" гэж Японы Засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ

Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Хироказу Мацүно Ерөнхий сайд асан Шинзо Абэ өнөөдөр /2022.07.08/ өглөөний 11:30 цагийн орчимд буудуулсныг баталж сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна. Тэрээр, “Шинзо Абэгийн биеийн байдал тодорхойгүй байгаа бөгөөд бид нөхцөл байдлыг шалгаж байна" гэж яаралтай хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд мэдэгджээ. Мөн албан ёсны айлчлалтай явж байсан Японы Ерөнхий сайд Фумио Кишидад нэн даруй хэрэг явдлын талаар мэдэгдсэн. Харин Фумио Кишида өнөөдөр яаралтай буцаж ирэх бөгөөд орой үг хэлэхээр төлөвлөж байна гэж нэмж хэлжээ.

Эх сурвалж: CNN

2022-07-08 12:44

Ерөнхий сайд асан Шинзо Абэ "хариу үйлдэл үзүүлсэн" гэж NHK мэдээлжээ

Японы олон нийтийн NHK телевиз цагдаагийн эх сурвалжаас иш татан, “Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ буудуулж,  эмнэлэгт хүргэгдэж байхдаа ухаантай, хариу үйлдэл үзүүлсэн байна” мэдээлжээ. Өнөөдөр /2022.07.08/ Нара хотод сонгуулийн сурталчилгаанд оролцож, үг хэлж байхдаа буудуулсан Шинзо Абэг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдэж байгааг харуулжээ. Шинзо Абэ дамнуурга дээр хэвтэж, эргэн тойронд нь хэд хэдэн хүн байгаа нь гэрэл зурагт үлджээ.

Харин хүнд шархадсан Шинзо Абег Нара хотын Nara Medical Clinic-т яаралтай хүргэн, эрчимт эмчилгээ хийж байгаа аж. Мөн түүний эрүүл мэндийн байдлын талаарх албан ёсны мэдээллийг зөвхөн эмнэлгийн эмч нар, Японы Засгийн газрын Хэрэг Эрхлэх газраас хийх ажээ.

Эх сурвалж: CNN

2022-07-08 12:19

ФОТО: Шинзо Абэг буудсан сэжигтэн 41 настай Ямагами Тэцуяа гэх этгээдийг баривчилжээ

Японы Нара хотод өнөөдөр /2022.07.08/ орон нутгийн цагаар 11:30 цагийн орчимд Японы Ерөнхий асан Шинзо Абэ Либерал ардчилсан намаас нэр дэвшигчийн төлөө кампанит ажил хийж, үг хэлж байх үеэр нэгэн этгээд түүнийг буудсан хэрэг гарсан. Тэгвэл цагдаа нар хүн амины хэрэг үйлдэхийг завдсан гэх хэргээр 41 настай Ямагами Тэцуяа гэх эрэгтэйг хэргийн газраас баривчилсан байна. Харин тус сэжигтэн этгээд хэргий газраас зугтахыг завдаагүй байна. 

Эх сурвалж: NHK

2022-07-08 12:07

ШУУРХАЙ: "Шинзо Абэгийн зүрх, уушиг нь зогссон байдалтай байна" гэж Токио хотын захирагч мэдэгджээ

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ Нара хотод үг хэлж байхдаа бусдад буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Харин тус хэргийн талаар  Токио хотын амбан захирагч асан Йоичи Масузэ өөрийн твиттер хуудаснаа, “ноён Абэ зүрх, уушиг нь зогссон байдалтай байгаа” гэж мэдэгджээ. Тодруулбал, “нас барсан нь албан ёсоор батлагдах”-аас өмнө энэ нэр томъёог ашигладаг байна. Шинзо Абэ нь Японы Ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан нэгэн бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар 2020 онд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон юм. Мөн тэрээр Монгол Улсад олон удаа ажлын айлчлал хийж байсан нэгэн юм. 

Эх сурвалж: BBC

2022-07-08 11:59

ФОТО: Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг буудсан этгээдийг саатуулжээ

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ тус улсын баруун хэсгийн Нара хотод үг хэлж байхдаа буудуулсан байж болзошгүй тул, түүнийг эмнэлэгт хүргэсэн талаар NHK суваг мэдээлжээ.

Тодруулбал, Шинзо Абэгийн араас хоёр удаа цээжин тус газар буудсан байж болзошгүй бөгөөд амин цэгт хүрээгүй талаар гадаад хэвлэл мэдээлэл онцолсон байна. Одоогоор түүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд буудсан этгээдийг эргийн газраас шуурхай баривчилжээ. Орон нутгийн 12:00 цагаас хэргийн талаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ гэж Японы тал мэдэгджээ. Бид эргэн мэдээлэх болно.

ФОТО:

2022-07-08 11:23

ШУУРХАЙ: Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ буудуулж, эмнэлэгт хүргэгджээ

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ тус улсын баруун хэсгийн Нара хотод үг хэлж байхдаа буудуулсан байж болзошгүй тул, түүнийг эмнэлэгт хүргэсэн талаар NHK суваг мэдээлжээ. Тодруулбал, NHK сувгийн сурвалжилагч, "хоёр удаа буун дуу гарах чимээг сонссон, энэ үеэр Шинзо Абэ цус алдаж байхыг харсан" гэжээ. Харин Абэгийн ойр дотны эх сурвалжууд, “Тэрээр цээжин тус газартаа буудуулж эмнэлэгт хүргэгдсэн гэж сонссон” хэмээн мэдээлсэн байна.

Эх сурвалж: CNN

ВИДЕО: