"Төсвийн хэмнэлтийн тухай хууль"-иар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас эхлээд төрийн өмчит үйлдвэрийн газар, агентлагууд дэд даргагүй болж, энэхүү шийдвэр нь эргээд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд бөөн “зовлон” болж, асуудал дагуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байв.
-ДЭД ДАРГА НАРЫГ АЖИЛЛАЖ БАЙСАН БАЙГУУЛЛАГАД НЬ ЗАХИРГАА, ГАЗАР, ХЭЛТСИЙН ДАРГААР ТОМИЛЖЭЭ-
Тодруулбал, Хэмнэлтийн хууль батлагдсан даруйд "дэд дарга" нарыг явуулж болохгүй гэх байр, суурьтай бүхэл бүтэн бүлэг МАН дотор байгуулагдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаа ээрэх улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг шүүхэд дуудна гэж сүрдүүлсэн байдаг. Энэ тухай ЭНД дарж уншина уу.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар өмнөх нийтлэлд өгүүлсэн “зовлон, жаргал” Д.Амарбаясгалан, Д.Оюун-Эрдэнийн хөлийг тушсанаас болж эцэстээ дэд дарга нараа ажлаас нь чөлөөлж чадаагүй аж.
Нийт 220 орчим дэд дарга нарын асуудал хөндөгдсөн бөгөөд тэд “Хэрвээ бид ажлаасаа чөлөөлөгдвөл Хөдөлмөрийн хуулийн дагуу Засгийн газрыг шүүхэд өгч огцруулна. Ирэх сонгуульд манай нам сонгуулийн хар, бор ажлыг нугалдаг менежерийн хомстолд орно” зэргээр сүрдүүлж яваад газар, хэлтсийн даргаар үлдэцгээжээ. Угтаа бол МАН-аас дэд дарга нарыг чөлөөлсний дараа өөр аж, ахуй нэгж компанид ажиллуулж болно гэх албан бус чиглэлийг өгсөн аж. Гэтэл зарим компаниуд Хэмнэлтийн хууль, намын удирдлагуудын чиглэлийг зөрчиж дэд дарга нарыг явуулалгүй байгууллага дотор нь доош нэг “шат” буулгаж газар, хэлтсийн даргад томилжээ.
-ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ, ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ, ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ, ХӨГЖЛИЙН БАНК НЬ ДЭД ДАРГА НАРАА ӨӨР АЛБАН ТУШААЛД ТОМИЛЖ ХАНГАМЖИЙГ НЬ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ-
Тодруулбал, Хэмнэлтийн хууль хэрэгжихэд Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Оюутолгой, Эрдэнэс Силвер Ресурс зэрэг компанийн түвшинд жинхэнэ утгаараа гацаанд орж байсан. Ингэж, ингэж Эрдэнэ Тавантолгой компани бүх дэд дарга нараа чөлөөлж чадсан байна.
Гэтэл тус компанийн дор үйл ажиллагаа явуулдаг “охин” компани болон Тавантолгой төмөр зам ХХК, Зүүнбаян төмөр зам ХХК, Тавантолгой түлш зэрэг компаниуд дэд дарга нарыг байгууллага дотроо сэлгэн томилж газар, хэлтсийн даргаар шууд томилжээ.
Мөн Хөгжлийн банк, Төрийн банк нь тус хуулийг зөрчиж яг дээрх зохицуулалтыг хийжээ. Тэр бүү машин унааны хангамжийг нь хасалгүй захиргаа, газар, хэлтсийн дарга болгосон нь ч олон байна гэх.