Хэмнэлтийн хуулиар "ажлаа өгөх" ёстой Дэд дарга нар Д.Амарбаясгалангийн үүдийг сахиж, ЗГ-аа огцруулна гэж сүрдүүлж эхэлжээ

Хэмнэлтийн хуулиар "ажлаа өгөх" ёстой Дэд дарга нар Д.Амарбаясгалангийн үүдийг сахиж, ЗГ-аа огцруулна гэж сүрдүүлж эхэлжээ

"Төсвийн хэмнэлтийн тухай хууль"-иар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас эхлээд төрийн өмчит үйлдвэрийн газар, агентлагууд "дэд даргагүй" болно. Гэтэл энэхүү шийдвэр нь эргээд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд бөөн “зовлон” болж, асуудал дагуулж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэв.

Тодруулбал, Хэмнэлтийн хууль батлагдсан даруйд "дэд дарга" нарыг явуулж болохгүй гэх байр, суурьтай бүхэл бүтэн бүлэг МАН-д дотор байгуулагдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаа ээрэх улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг шүүхэд дуудагдахад хүргэж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Төсвийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж дэд дарга наргүй болоход доорх ХҮНДРЭЛҮҮД тулгарсан байна.

-ДЭД ДАРГА НАРЫГ АЖИЛГҮЙ БОЛГОВОЛ 2024 ОНЫ СОНГУУЛЬ МАН-Д АЖИЛЛАХ МЕНЕЖЕР ОЛДОХГҮЙ ГЭЖЭЭ-

Нэгдүгээрт, 220 орчим "дэд дарга" нарын асуудал хөндөгдсөн байна. Төсвийн хэмнэлтийн хуулиар тус дарга нарыг шууд ажлаас чөлөөлөх нь хууль эрх зүйн хувьд маргаан үүсгэжээ. Манай улс олон улсын хөдөлмөрийн гэрээ, конвенцид нэгдсэн. Үүнтэй уялдуулан Хөдөлмөрийн хуулиа боловсруулж баталсан бөгөөд ач холбогдлын хувьд тус хууль нь өндөр хүчин төгөлдөр. Тэгэхээр шинэ хууль гаргаад хүнийг ажилгүй болгох нь Хөдөлмөрийн хуулийг зөрчиж буй аж. Тиймээс ажлаасаа чөлөөлөгдөх гэж буй "дэд дарга" нарын зарим нь эхнээсээ шүүхдэлцэнэ гэдгээ ярьж яваа аж.  

Хоёрдугаарт, Дээрх "дэд дарга" нар нь МАН-ын сонгуульд менежерээр ажиллаж  шагналд нь тус албан тушаалд томилогдсон байдаг. Тэгэхээр сонгуулийн үеэр бүх хар, борд ажилд зарж, галын фронтод ажиллуулчхаад одоо хөөгөөд явуулж буй нь яах аргагүй бухимдал дагуулсан байна.

Тиймээс ч бухимдсан "дэд дарга" нар энэ өдрүүдэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн өрөөний үүдийг сахиж, урт дугаарлалт үүсгэж байгаа аж.

Д.Амарбаясгалангийн хувьд яах ч аргагүй гомдлыг нь сонсож буй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зугатаж алга болоод олдохгүй байгаа гэх. Уурласан дэд дарга нар хэлэхдээ “2024 оны сонгуульд МАН-д ажиллах менежер олдохгүй. Төсвийн хэмнэлт хийсэн болж нүглийн нүдийг гурилаар хуурч байна” гэсэн байна.

-МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ДЭД ДАРГА НАРЫН АСУУДЛААР ХУРАЛДАХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ-

Гуравдугаарт, Дэд дарга нарыг чөлөөлөх ажил Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Оюутолгой, Эрдэнэс Силвер Ресурс зэрэг компанийн түвшинд жинхэнэ утгаараа гацаанд оржээ. Тус компаниуд нь бүтцийн өөрчлөлтөө хийж чадахгүй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлэхгүй байгаа аж.

Тус компанийн дэд захирлууд нь 8-20 гаруй сая төгрөгийн цалинтай, улс төрийн дэмжлэгтэй, бүлэглэл төлөөлдөг.

Тэгэхээр тэдний зарим нь ажлаа өгөхгүй гэж гэдийж хэрвээ “биднийг ажилгүй болговол Засгийн газрыг огцруулах асуудалд оролцоно” гэж ярьж яваа ч гэх мэдээлэл байна. Энэ мэт хүндрэл үүссэн учраас "дэд дарга" нарыг хэрхэх асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдах тов гарсан ч одоог хүртэл хуралдаж чадаагүй байгаа ажээ.