Камерын бичлэгт үлдсэн дүрс нь "баавгай биш ус уусан иргэн байсан" гэж дүгнэжээ

Камерын бичлэгт үлдсэн дүрс нь "баавгай биш ус уусан иргэн байсан" гэж дүгнэжээ

Өчигдөр буюу 2026 оны аравдугаар сарын 10-нд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Яармагийн гүүрний баруун талд хүрэн баавгай үзэгдсэн гэх дуудлага, мэдээлэл холбогдох төрийн байгууллагад ирсэн байдаг. 

Тодруулбал,  Хан-Уул дүүргийн Яармаг дахь Вива Сити хотхоны орчимд баавгай мэт зүйл явж байгаа нь хяналтын камерын бичлэгт үлдсэн байдаг. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн Байгаль орчны газар, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар болон цагдаагийн хоёрдугаар хэлтэс хамтран баавгайг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхлээд байсан юм. 

Тэгвэл камерын бичлэгт үлдсэн дүрс нь "баавгай биш ус ууж явсан иргэн байсан" гэж дүгнэжээ. 

Энэ талаар Хан-Уул дүүргийн засаг дарга Б.Цэрэн, "ХУД 24-р хороо Вива сити урд Туул голын эрэг дээр баавгай байна гэх дуудлага 13:48 цагт Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэний дагуу Дүүргийн ОБХэлтсийн орлогч даргаар ахлуулсан 4 алба хаагч 1 автомашинтай гарч тухайн байрлалд очиж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нэмэлтээр  Дүүргийн засаг дарга, Онцгой байдлын хэлтсээс 9 алба хаагч, 2 автомашин 1 дронтой, Нийслэлийн аврах ангиас 7 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба, 2 автомашинтай, Цагдаагийн байгууллагаас 31 алба хаагч, 7 автомашинтай, Байгаль орчны яам, нийслэлийн байгаль орчны газраас 4 алба хаагч, 2 автомашин, 1 дронтой, нийт 55 алба хаагч, 15 автомашинтай ажилласан. Тус дүүргийн Онцгой комиссын шуурхай штабыг 17:17 цагт байгуулсан.

Онцгой комиссын даргын шийдвэрээр баавгай байх магадлалтай гэж үзсэн бичлэгийг дахин нягталж үзэх үүрэг өгсний дагуу үзэхэд, хүн байх магадлалтай бүрсгэр бичлэг байна гэж үзэж, 19:10 цагт 9 хүний бүрэлдэхүүнтэй баавгай орсон гэх бургасанд мөр хайх болон самналт хийхэд баавгайн мөр оллоогүй. Харин иргэн Б бургасан дунд майханд унтаж байсныг олж, мэдүүлэг авахад 13:30 цагийн орчим бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлсэн нь баавгай байх магадлалтай гэх камeрийн бичлэгийн цаг үeтэй таарч байсан бөгөөд баавгай биш иргэн Б дүрс бичлэгт бүдэг бичигдсэн байна гэж дүгнэлээ. Цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна. Дүүргийн Онцгой комиссын шуурхай штаб 01:10 цагт хуралдаж, нөхцөл байдлыг үнэлж, ажиллаж байгаа бүлгүүдийг буулгаж, хөдөлгөөнт ажиглалтын  эргүүлийн бүлэг гаргах шийдвэр гаргасан болно" гэжээ.