Хүн хэлээрээ ярьдаг. Бас жолооч нар автомашиныхаа гэрлээр ярилцаж болно. Жишээ нь автомашины гэрлээр туслах замаас "Би өмнөөр чинь орж болох уу" гэж асууж, урд яваа жолооч "Баруун эргэлээ шүү" гэж анхааруулж, тоормос гишгэхдээ "Зогслоо, хурдаа хаслаа шүү" гэж болгоомжлуулж болдог. Бас автомашины гэрлээр маргалдаж буцаад ойлголцож ч болно.
Тухайлбал шөнийн цагт өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийн жолооч гэрлээ байн, байн анивчуулаад байвал таныг холын гэрлээ шилжүүлэхийг шаардан, бухимдаж байна.
Харин өдрийн цагаар зөрж өнгөрч буй автомашины жолооч гэрлээ анивчуулж байвал "Зам эвдрэлтэй байна шүү, хурдаа багасгаарай" гэдгийг сануулж байдаг. Мөн энэ гэрлээр "Цагдаа байна шүү" гэж жолооч нар бие, биедээ мэдээ дамжуулдаг юм билээ. Харин хоёул зэрэг анивчдаг ослын гэрлийн үндсэн үүрэг нь тээврийн хэрэгсэлд эвдрэл гарсан тохиолдолд эсвэл зам дээр аюул байгаа талаар мэдэгдэх юм. Мөн энэ гэрлээр баярлалаа бас уучлаарай гэж хэлж болно. Бас хөдөө, орон нутгийн замд өмнө яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байвал "Урдаас машин ирж байна, гүйцэж түрүүлж болохгүй" гэж анхааруулж байгаа юм. Харин баруун тийш дохивол "Машин алга, гүйцэж түрүүлж болно" гэж байна. Эсхүл тэр зүгээр л баруун, зүүн тийш эргэх үйлдэл хийх гэж ч байж болно. Энэ мэтчилэн автомашины дохио бүрд "Үг" бий.
Тэгэхээр автомашины гэрлээр зөвхөн замыг гэрэлтүүлэхээс гадна сануулж, анхааруулж, талархал илэрхийлж, уучлал хүсэж ч болдог байх нь.
ГЭРЛЭЭРЭЭ ЯРИЛЦЪЯ, ЖОЛООЧ НАР АА!
ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ