УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ЭЗБХ-оор дэмжлээ

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ЭЗБХ-оор дэмжлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.16/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.4  дэх хэсэгт 2021 онд нэмэлт оруулсан байдаг бөгөөд  суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглохоор хуульчилжээ. Ингэхдээ усны сан бүхий газар түүний хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулаагүй үлдээсэн байна. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон уурхайн талбайг тусгах эрхтэй байдаг. Гэвч ашиглалтын үйл ажиллагаа явуулсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд үндэслэн цаашид хайгуулын болон олборлох үйл ажиллагаа явуулах эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхийг нарийвчлан тодорхой хуульчлах шаардлагатай байгаа аж. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т “Иргэн эрүүл, аюулгүй, орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд  үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж хуульчилсан зохицуулалт бий.  Энэхүү зохицуулалтын  хэрэгжилтийг бүрэн хангах зорилгоор хуулийн төсөлд дараах нэмэлт, өөрчлөлтийг тусгажээ. Тухайлбал, Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх, олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх үндэслэлийг тодорхойлох, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж  буй талаар дүгнэлт гарсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой харилцааг нарийвчлан, тодорхой зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.