УИХ-ын гишүүн С.Жавхлан Гачуурт дахь Монгол гэрийнхээ зууханд сайжруулсан түлшээр гал түлж үзүүлэв.
Тэрбээр энэ үеэр "Сайжруулсан түлшээр зөв галлавал их илч сайтай юм байна. Хүмүүсийн хэлж буй шиг муу эд биш санагдсан. УИХ-ын олон гишүүн сайжруулсан түлшинд санаа тавьж байна. УИХ-ын дарга хүртэл гэр хорооллоор явж иргэдтэй уулзан энэ түлшний жаргал, зовлонг хуваалцаад явж байна. Зөв байгаа зүйлийг магтаж сайшаахад цааргалах зүйлгүй. Зуух, яндангаа сайжруулчихвал надад их боломжийн түлш шиг санагдсан. Яндангийн хаалтыг огт хаахгүй түлж байгаа. Бүхий л ажлыг харлуулаад, үгүйсгээд байж болохгүй. Улс нийтээрээ утаанаасаа салах нь бидэнд хэрэгтэй. Анхаарал болгомжтой сэрэмжтэй, биендээ амь нэгтэй байцгаая" гэсэн юм.
Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн С.Жавхлан нь У.Хүрэлсүхийн Засгийн газартай хариуцлага тооцох асуудал хөндөгдөх бүрийд өмгөөлсөн, хамгаалсан үг, үйлдлийг гаргадаг. Өнгөрсөн онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдөхөд С.Жавхлан гурван тэрбум төгрөгийг авч хариуд нь огцруулахын эсрэг кноп дарсан гэх мэдээлэл байдаг.
Харин энэ удаа долоон хүн нас барсан шахмал түлшний асуудлаар байр, сууриа илэрхийлсэн нь энэ.