Сүүлийн жилүүдэд залилах төрлийн гэмт хэрэг ихээр гарах болсон. Энэ оны эхний таван сарын байдлаар нийт үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 3618 буюу 65.5 хувь нь цахим орчинд үйлдэгджээ.
Эдгээрийн 754 тохиолдол нь хандив, тусламж хүсэх аргаар цахим орчинд хандсан иргэдийн фейсбүүк хаягийг ашиглан хуурамч данс нээж залилсан арга хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Тухайлбал, иргэн С нь өөрийн фейсбүүк хаягт “Манай хүү бурхан болчихлоо сайхан сэтгэлт ард түмэн минь хандивын гараа сунгаач” гэж худал мэдээлэл оруулах байдлаар цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны нэгдүгээр сараас 2021 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд өөрийн Хаан банкны ************** тоот дансаар 229 хохирогчоос 115 сая 258 мянган төгрөгийг залилсан нь тогтоогджээ.
Иймд энэ төрлийн хэргийн хохирогч болохгүй үүднээс танаас ойр дотны найз нөхөд, төрөл садангийн хүн танаас аливаа хандив, тусламж хүссэн бол заавал нягталж эх сурвалжийг нь тодруулж, утсаар холбогдож тусламж хүссэн хүн өөрөө байгаа эсэхийг тодруулж байж хандив тусламжаа үзүүлж энэ төрлийн Залилах гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийг хуульчилж өгөхдөө хуурч эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг дамлимдуулах бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол 450.000-14.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гуван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Энэ гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдэх юм бол 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион багуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.