25 байршлын 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэв

25 байршлын 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэв

НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох  тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулав.

Тэрбээр “Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр барилгажилт, нягтрал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Иймээс нийслэлд нийтийн эзэмшлийн гудамж талбай, ногоон байгууламж, амралт зугаалгын талбай нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч

байна. Өмнөх жилүүдэд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрүүлэх зорилтын хүрээнд нийтийн эдэлбэр газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшилд ороогүй цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн талбай, ногоон байгууламж бүхий 108 байршлын 208.3 га газрыг НИТХ-ын дөрвөн удаагийн хурлаар нийтийн эдэлбэрт бүртгэсэн. Энэ жилийн хувьд нийслэлийн зургаан дүүргийн 25 байршилд 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр төлөвлөсөн. Нийтийн эдэлбэрт бүртгэх 25 байршлын 16-д тохижилт хийхээр төлөвлөлөө. Үлдсэн есөд өмнө нь тохижилт хийсэн” хэмээлээ.

Тодруулбал,

  • Баянгол дүүрэгт дөрвөн байршил бүхий 0.52 га,
  • Баянзүрх дүүрэгт зургаан байршил бүхий 13.95 га,
  • Сонгинохайрхан дүүрэгт гурван байршил бүхий 0.59 га,
  • Сүхбаатар дүүрэгт таван байршилд 0.65 га,
  • Багануур дүүрэгт таван байршилд 0.84 га,
  • Налайхад хоёр байршил бүхий 0.49 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэх юм.
  • Тогтоолын төслийг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонх нь дэмжсэнээр дээрх газруудыг нийтийн эдэлбэрт бүртгэв.