Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс, Сөүл дэх МҮОНРТ-ийн төлөөлөгчийн хамт 2022 оны зургадугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын Чонан, Тэжон хотын хорих ангид ял эдэлж байгаа Монгол иргэдээ эргэж уулзав.
Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн, Дэд консул Г.Оюун-Эрдэнэ нар хорих ангийн нөхцөл байдалтай танилцаж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариулж, мэдээлэл өгчээ.
Чонаны хорих ангид манай улсын 12, Тэжонд 2 иргэн тус тус ял эдэлж байгаа бөгөөд хорих ангийн удирдлагын зүгээс иргэдийн тавсан санал хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
Тус ЭСЯ-наас хорих ангид хүмүүжиж байгаа иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соён гэгээрүүлэх, сэтгэл санааг дэмжих, оюун ухааны мэдлэгийг хөгжүүлэх зорилгоор ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан”-гийн санхүүжилтээр худалдаж авсан Монголын түүх, уран зохиол, нийгэм, хувь хүний хөгжилтэй холбоотой сэдэв бүхий 60 гаруй номыг хүлээлгэн өгч, номын сангийн тохижуулалт, үйл ажиллагаатай танилцлаа.
Эх сурвалж: БНСУ-д суугаа ЭСЯ