Д.Ганбат: Донорын тухай хууль батлагдчихвал эд эрхтний наймаа ихсэх магадлалтай

Д.Ганбат: Донорын тухай хууль батлагдчихвал эд эрхтний наймаа ихсэх магадлалтай

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын гурван гишүүн 2022 тавдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.06.16/-ийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат хуулийн эрсдэлийн талаар санал бодлоо илэрхийллээ.

-ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИЙН ҮДИЙН ЦАЙ НЬ ХООЛ БИШ ХОР БОЛСОН. ҮҮНЭЭС БОЛООД ХОРТ ХАВДАР ИХЭССЭН, ДИЙЛДЭХГҮЙ БАЙГАА НЬ ҮНЭН-

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Донорын асуудал маш чухал. Тэр тусмаа би үүнийг ихэд анхааралдаа авч байна. Учир нь ард түмэн сүүлийн 6-10 жилд маш их ядуурсан. Хүнсний хангамж, аюулгүй байдал байхгүй болсноос болоод үнэгүй хоол тэр дундаа цэцэрлэг сургуулийн үдийн цай нь хоол биш хор болсон. Үүнд эцэг эх нь хяналт тавьж чаддаггүй. Үүнээс болоод хорт хавдар ихэссэн, дийлдэхгүй байгаа нь үнэн. Засгийн газар маш муу ажиллаж байна.

Туркийн Истанбул хотод манай улсын иргэн хүүхдийнхээ амийг аврахын тулд өөрийнхөө эд эрхтнийг зарахаар хүзүүндээ самбар зүүчихсэн зогсож байна. Манай ард түмэн ийм байдалд ортлоо ядуу болж байна. Хавдартай, өвчтэй хүүхдүүдийн ээжүүд гадаа талбай дээр уйлж байна. Яг эгзэгтэй, ядруу энэ цаг үед Донорын тухай хууль батлах нь эд эрхтний наймааг цэцэглүүлэх вий. Ард түмнийг ядууруулчхаад дээр нь эд эрхтэн дээр нь "ажиллах" гэсэн далд санаа байх вий.

-ЯДУУРУУЛЖ, ХОРТ ХАВДАР ТУСГАЧХААД ОДОО ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬ ОРУУЛЖ ИРЖ БАЙГАА НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ-

Хорт хавдар туссан хүүхдүүдийн эд эрхтэн солих, хоорондоо наймаалцах нөхцөлийг бүрдүүлж байгаа бол хяналтыг сайжруулах шаардлагатай. Хор болсон хоол хүүхдүүдэд өгч хавдар тусгаад эцэст нь эд эрхтнийг нь наймаалцах бизнес хийх гэж байгаа юм биш биз. Ард түмний амьдралыг өөд нь татсаныхаа дараа Донорын тухай хуулиа ярьсан нь дээр. Олон улсын  байгууллагаас зөвлөмж авсан уу. Ийм ядуу оронд хуулийг нь баталчихвал эд эрхтний наймаа ихсэх магадлалтай орны тоогоор Монгол Улс зарлагдсан байна.  Ядууруулж, хорт хавдар тусгачхаад одоо Донорын тухай хууль оруулж ирж байгаа нь ямар учиртай юм бэ" гэв.