Д.Энхбат: Д.Бауыржан, Б.Энх-Амгалан нарын хамаарал бүхий компаниуд хууль зөрчиж байна

Д.Энхбат: Д.Бауыржан, Б.Энх-Амгалан нарын хамаарал бүхий компаниуд хууль зөрчиж байна

“Газрын-Од” компани болон “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо”-ноос өнөөдөр /2022.06.16/ Авто тээврийн үндэсний төвийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

“Газрын-Од” компани нь 2005 оноос хойш тусгай зөвшөөрөл, иргэний гэрээ, зөвшөөрөгдөх эрхийн актуудын үндсэн дээр 18 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Ажил үүргээ гүйцэтгэж буй хугацаандаа сар, улирал, жилийн гэрээний дүгнэлтийг 85-90.3 хувиар амжилттай биелүүлж ирсэн байна. Гэвч 2020 оны хоёрдугаар сарын 14-нөөс тус компаний үйлчилж буй чиглэлд зам тээврийн хөгжлийн сайдын тус оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн А24 тоот тушаалаар баталсан зорчигч тээвэрлэх журмыг зөрчин, хууль бусаар хоёр компани орж ирсэн аж. 

Энэ талаар “Газрын-од” ХХК-ий захирал Д.Энхбат “Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарын хамаарал бүхий компаниудын хууль зөрчиж, манай явдаг чиглэлд оруулж ирж, улмаар манай компаний үйл ажиллагааг зогсоосон. Тодруулбал, 2022 оны зургадугаар сарын 9-нд Авто тээврийн үндэсний төвөөс хяналт шалгалт хийж, шалгалтын дүнг танилцуулж баталгаажуулалгүйгээр зургадугаар сарын 15-ны өдөр зогсоох шийдвэр гаргасан. 

Үүнийг улс төрийн зорилготой гэж үзэж байна. Байгаль цаг уур, дэд бүтэц, цар тахлын хүндрэлээс илүүтэй төрийн байгууллага тодорхой албан тушаалтануудын хууль бус ажиллагаа нь аж ахуй, нэгжүүдийн хувьд асар их хүндрэл учруулж байна” гэв.

Мөн тухайн компани нь дээрх хууль бус үйлдлийг эсэргүүцэж, шүүхэд гомдол гаргасан аж. Гэвч тодорхой шийд гаргаагүй, асуудал хэлэлцэгдээгүй сунжирч байгаа учир ийнхүү мэдээлэл хийж байна гэдгээ “Газрын-од” компаний удирдлага тодотголоо. 

 

Ц.Хүслэн