Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн их засвар хийгдэж буй 57.56 км авто замд ажиллалаа. Баруун аймгууд руу чиглэсэн авто машины зорчих урсгал ихтэй тус замыг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр “Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг” ХХК гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар гүйцэтгэл 13 орчим хувийн хоцрогдолтой байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Өмнөх жилийн хучилт дээр гүйцэтгэгч компани зарим хэсэгт алдаа гаргасан байна. Тус компанийн гэрээ 2023 оны 4 дүгээр сард дуусах хэдий ч энэ оны 9 дүгээр сарын дунд үе гэхэд зорчих хэсгийг дуусгаж хөдөлгөөн нээх чиглэл өгч, орон нутгийн удирдлагаас бүх талаар дэмжиж ажиллахыг хүслээ. Тус зам нь 3 жилийн баталгаат засварын хугацаатай. Энэ хугацаанд ямар нэгэн эвдрэл гарвал гүйцэтгэгч өөрсдийн зардлаар засна. “Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг” компани нь орон нутаг болон худалдан авах ажиллагааны газраас зарлаж байгаа тендерүүдэд оролцож одоогийн байдлаар таван газарт ажил авсан байна. Ингэхээр ажиллах хүн хүч, техник тарамдаад ажил удаашрах шалтгаан болж байгаа юм. Ер нь цаашид зөвхөн манай салбарын хувьд тухайн жилд хэд орчим км авто зам хийж байсан түүнээс илүү ажил өгөхгүй байх зэрэг жишгээр журамд өөрчлөлт оруулах шаардлагатай юм байна гэж харж байна” гэв.
Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж, тухайн авто замын их засварын ажилд ажиллаж байгаа хүн хүчээ нэмэгдүүлэхийг гүйцэтгэгч компанийн удирдлагад хэллээ. Ажлыг тасалдалгүй, хэвийн явуулахад орон нутаг бүх талаар дэмжиж байгаа. Цаг хугацаа зардал хэмнэх боломжийг олгож авто замын түүхий эд материалыг аль болох ойроос татаж байна. Ингэж дэмжиж байхад ямар нэгэн хэл ам татлалгүй хурдан шуурхай чанартай гүйцэтгэх хэрэгтэйг онцоллоо.
Цаашид, гүйцэтгэгч болон зөвлөх компани, төслийн нэгж ажлын уялдаа холбоогоо сайжруулах, өмнөх жилийн чанаргүй хийгдсэн 6,8 орчим км авто замыг гүйцэтгэгч байгууллага өөрсдийн зардлаар дахин 3 см-ийн хучилт хийх, яам болон бусад холбогдох байгууллагууд хамтран хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр үзлэг хийж зөвлөмж өгөх, төлөвлөгөөнөөс 3,5 дахин бага техниктэй, 60 гаруй хүний нөөц дутуу байгааг яаралтай шийдвэрлэж ажиллах хүчээ нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах чиглэлийг салбарын сайд өгөв.