2012-2016 оны парламентад түүн шиг олны анхаарлыг татдаг нэгэн үгүй байв. Хувийн амьдрал хийгээд өсч, дэвшиж буй байр, байдлаараа тэрбээр үргэлж анхаарлын төвд байдаг байлаа. Ингээд УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэтэй ярилцсан ярилцлагаа хүргэлээ.
СОНСОХ:
-ДОКТОРТ СУРАХЫН ЗЭРЭГЦЭЭ ОЮУТНУУДАД БАГШИЛЖ БАЙНА. СТРЕСС БУХИМДАЛГҮЙ ИХ ТАЙВАН ОН ЖИЛҮҮД ӨНГӨРЛӨӨ-
-Таныг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний ажлаа хүлээлгэн өгсний дараа сургуульд сурсан гэж сонссон. Ямар мэргэжлээр сурав?
-Би УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ Удирдлагын ухааны магистр зэргийг хамгаалсан. Харин УИХ-ын гишүүнээс буугаад Шихихудаг дээд сургуульд Хууль зүйн магистрын ангид нэг жил сурсан. Би хуульч мэргэжилтэй учраас магистраа хамгаалчихье гэж бодоод сурсан юм. Гэхдээ эргээд харахаар магистрын цуглуулгатай болчих юм шиг санагдаад давхар докторт суралцаж байна. Тиймээс Монгол улсын эрдмийн их сургуульд докторант болсон. Энэ хугацаанд зүгээр суусангүй, Идэр их сургуулийн оюутнуудад төрийн захиргааны онолоор хичээл зааж, лекц уншиж байна. Багшаар ажиллах сайхан юм. Одооны оюутнууд эрх зүйн онол, төрийн ажлын талаар анхан шатны мэдэгдэхүүнгүй байна. Хуучин цагт дунд сургуульд нийгмийн ухааны хичээлээр төрийн захиргааны онолын талаар мэдлэг олгодог байсан шүү дээ.
Залууст мэдлэг олгож байна. Мөн өөрөө хичээл заахдаа бэлдэж ном эргүүлнэ. Хаа, хаанаа суралцдаг юм байна. Ер нь олон давуу талтай юм байна лээ. Багшлахынхаа хажуугаар суралцаад явах сайхан байна. Бас англи хэлний орчуулагчийн мэргэжлээр сурсан юм байна. Хууль тогтоох байгууллагад ажиллаж байх үед ганц тулгамдсан асуудал хэлний бэрхшээл байсан. Гадаад, дотоодын хуулиудыг харьцуулахад хэлний мэдлэг их хэрэг болсон. Тиймээс мэдлэгээ дээшлүүүлэх үүднээс орчуулагчийн ангид сурсан.
-Засгийн газрын ажил, УИХ-ын гишүүнийг дагасан тэр их стрессээс холдоход танд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Гурван жил маш хурдан өнгөрчээ. Энэ хугацаанд айхтар завсар чөлөөтэй байсангүй. Ээжийгээ харж, асарлаа. Ээж минь бурхан боллоо. Өөрөө сурсан, оюутнуудад хичээл заасан, намынхаа ажлыг хийсэн гээд завгүй л байлаа. Гэхдээ их тайван, стресс бухимдалгүй, нам гүм байлаа. Стресстэхгүй байх нь хүнийг их аз жаргалтай болгодог юм байна. Сонгууль дөхөөд улс төрийн үйл ажиллагаа идэвхжээд ирэхээр л “Энэ З.Баянсэлэнгэ идэвхтэй дуугараад эхэллээ” гэж хүмүүс ярьж байна. Гэхдээ би өнгөрсөн гурван жилийн хугацаанд өнөөдөр хийж буй ажлаа л явуулж байсан. Хажуугаар нь түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлсэн хэргээр хууль хүчний байгууллагад гурван жил шалгагдаж байна. Ийм зүйл ажил хийхэд их садаа болж, төвөгтэй л байдаг юм байна.
-БИ УЛСАД НЭГ Ч ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛААГҮЙ-
-Энэ талаар би таниас асуухаар төлөвлөсөн байсан. Яг юу болсон юм бэ. Хаанаа алдаа гарсан юм. Одоо шалгагдаад дуусч байгаа юу?
-Хууль тогтоох байгууллагад ажиллаж байхдаа хууль хүчний байгууллагын алдаа, завхрал тэр дундаа АТГ, прокурорын байгууллагын үйл ажиллагаанд нэлээн шүүмжлэлтэй ханддаг байсан. Хуулийг нүдэн дээр ил цагаанаар мушгин гуйвуулдаг, хэн нэгнийг гэмт хэрэгт буруутгадаг жишээ олон гарсан учраас шүүмжилдэг байсан. Энэ хэргийн тухайд өөрийгөө зөвтгөж буй мэтээр яриад байх нь хэцүү байна. Хөндлөнгөөс хүмүүс хараад миний зовлонг ойлгохгүй. Өөрийгөө л өмөөрч байна гэдэг өнцгөөр хандана. Болсон үйл явцын тухайд, Сүхбаатар дүүргийн VII хороонд баригдсан Хангай хотхоны 223 айлын орон сууцыг Бэрэн компаниас 15 тэрбум төгрөгөөр худалдаж авах Засгийн газрын тогтоол 2016 оны тавдугаар сарын 31-ны өдөр гарсан. Уг тогтоолд бүх зүйл тодорхой бичигдсэн. Энэ тогтоолыг хэрэгжүүлж 223 айлыг орон сууцанд оруулсан. Тус айлууд түрээсийн мөнгөө өнөөдөр төрд төлөөд явж байна. Гэтэл намайг хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулан хэлэлцүүлж, тогтоол батлуулуулсан гэж шалгаад байна. Салбар хариуцсан сайд эрхлэх асуудлынхаа хүрээнд асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулж хэлэлцүүлнэ. Батлагдах эсэх нь ганц надаас хамаарахгүй. Танхимаараа шийдвэр гаргадаг. Засгийн газрын гишүүдийн хамтын шийдвэр гараад тогтоол батлагдсан.
Гэтэл уг тогтоолыг намайг гаргуулуулсан гэж шалгаж байна. Дээрээс нь сонгон шалгаруулалт явуулаагүй гэж буруутгаж байна. Гэтэл Засгийн газрын тогтоолд Бэрэн компаниас авах ёстой гээд заагаад өгсөн. Тэгэхээр би Бэрэнгээс өөр компанийг сонгож Засгийн газрын тогтоолын эсрэг ажиллах ёстой байсан юм уу. Сонгон шалгаруулалт явуулах боломжгүй заалттай тогтоол гарсан. 15 тэрбум төгрөгөөр худалдаж ав гэсэн тогтоол л гарсан. Энэ мөнгийг Хаан банкны векселиэр баталгаажуул гэж Сангийн сайдад үүрэгдсэн. 2016 оны шинэ УИХ, Засгийн газар байгуулагдсаны дараа Сангийн сайд Б.Чойжилсүрэн улсын төсвийн тодотгол дээр тэр 15 тэрбум төгрөгийг тусгаж оруулсан байдаг. Уг ажил хэрэгжсэн процесс энэ. Мөнгө төгрөг идэж уугаад шамшигдуулсан эсвэл авилга хээл хахуулийн хэрэгт холбогдчихсон юм шиг АТГ-аас гурван жилийн хугацаанд янз бүрийн мэдээлэл цацаж байгаа юм. Энэ мэдээлэл дунд ард түмэн төөрөлдөж байна. 15 тэрбум эсвэл 972 сая төгрөг идчихсэн юм уу гэвэл, үгүй. Сангийн яам энэ мөнгөний асуудлыг шийдсэн. З.Баянсэлэнгэ Бэрэн компанитай хамтран ажиллах гэрээгээ л байгуулсан. Бодитой, ойлгомжтой, холбогдох хууль журамтай ажлыг заавал надад нялж , янз бүрийн мэдээ, хар пи арыг гаргасан. Үнэн зөвийг ялгаад асуудлыг шийдэх байх гээд өнөөдрийг хүртэл хүлээгээд шалгагдаад явж байна. Улсын мөнгийг завшаад түүндээ ял шийтгэл хүлээх гээд байгаа зүйл үгүй. Бодит байдал энэ.
-Гурван шатны шүүхээр хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаасан байх аа?
-Дээд шүүх мөрдөн байцаалтад буцаасан. Бодит хохирлыг яаж тогтоосон, гэмт хэрэг юм бол З.Баянсэлэнгийн оролцоо юу юм гэдгийг нь тогтоолгохоор мөрдөн байцаалтад буцаасан. Засгийн газар бол коллективын байгууллага. Засгийн газрын тогтоол хууль зөрчсөн бол танхимаараа хариуцлага тооцох ёстой юм бишүү гэдэг зарчмаар буцаасан. Мөрдөн байцаалтад буцаасан хэрэг дахин шүүх рүү шилжчихээд байж байна.
-15 тэрбум төгрөгийн барилгыг 13 тэрбумаар үнэлж аваад зөрүүг нь хувьдаа завшсан гээд байх шиг байна?
-Тодорхой хэлэхэд тус 15 тэрбум төгрөгийг Хаан банкны векселиэр баталгаажуулсан. Төлбөрийн векселийг Сангийн яам, Хаан банктай хамтран бичиж өгсөн байдаг. Харин 2016 оны сонгуулийн дараа бүрэлдсэн шинэ Засгийн газар улсын төсөвтөө дээрх 15 тэрбум төгрөгийг суулгаад шилжүүлсэн. Энэ мөнгө манай Барилга хот байгуулалтын яамаар дамжаагүй. Би захиран зарцуулаагүй. АТГ Бэрэн компанийн байрыг хувийн компаниар үнэлүүлсэн. Үнэлгээний хариуд зөрүү гаргасан. Тэр зөрүүг миний улсад учруулсан хохирол гэж үзээд байгаа юм. Ийм ойлгомжтой асуудлаар гурван жил шалгагдаж байна. Цөхрөлтгүй явж байна. Үнэн гэж бий бол хэзээ нэгэн цагт учир нь тайлагдах байх даа. Сонгууль дөхөөд ирэхээр иймэрхүү зохиомол хэргүүд нэмэгдэх байх.
-Таныг улс төрийн зорилгоор харлуулж гүтгэж байна гэж хардаж байна уу?
-Улс төрч хүнийхээ хувьд янз бүрийн өнцгөөс хардаж л байна. Би Засгийн газрынхаа шийдвэрийн эсрэг үйлдэл хийж л байсан. Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэлэлцсэн нууц асуудлыг би ил болгож байсан. Үүнээс болж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийнхний үйл ажиллагаа хууль хүчний байгууллагаар дамжин илэрч байна уу даа гэх хардлага төрж байгаа. Нөгөө талаас МАНАН бүлэглэл амь бөх оршсоор байгаа нь МАХН болон Н.Энхбаярыг тойрон хүрээлэгчдийг хууль хүчний байгууллагаар дамжуулан шалгаж, нэр хүндийг нь унагах гэсэн байдлыг үүсгэж байна уу гэсэн хардлага бий. Хуулийн дагуу уг асуудал үнэн зөвөөр шалгагдаж шийдвэрлэгдэх байх аа. Үүнд гэмт хэргийн бүрэлдэхүүн, хохирол үгүй. Хохирогч гэх Сангийн яам нэг гараараа 15 тэрбум төгрөгийг гаргачхаад нөгөө гараараа хохирогч гээд шүүхдээд байна. Хуулийн дагуу явбал гэмт хэрэгт яллах боломжгүй юм. Уг асуудлыг шүүрч авах сонирхол өрсөлдөгч намуудад байна гэж харж байна.
-ӨМНӨХ ПАРЛАМЕНТАД АЖИЛЛАЖ БАЙСАН ЭМЭГТЭЙ ГИШҮҮДТЭЙГЭЭ УУЛЗАЛДАЖ, ЯРИЛЦДАГ-
-Одоогийн УИХ-ын эмэгтэй гишүүдийг өмнөх парламентад ажиллаж байсан та бүхэнтэй их харьцуулдаг. Та бүхнийг идэвхтэй сайн ажилладаг байсан гэж ярих нь ч бий?
-Өнөөдрийн парламентад сууж буй эмэгтэй гишүүдийг өөлөх нь ёс зүйгүй юм. Учир нь би өөрөө парламентын гишүүн байсан. Ер нь эмэгтэй хүн улс төрд зүтгэх нь хүнд юм. Шөнөжин ажиллаад ядарсан байхад “Царай алдчихсан байна” гэж ярьдаг. Харин эрэгтэй хүнийг архи ууж, шөнөжин шоудсан байхад “Хөөрхийдөө бид нарын төлөө шөнөжин ажилласан байна” гэж ярьдаг. Хүмүүсийн эмэгтэй, эрэгтэй хүнд хандах хандлага эрс өөр. Тэгэхээр эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдээ үгүйсгэх нь Монголын нийгмийн хамгийн өөдгүй зан, хандлага юм. Монголын хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд. Тэгэхээр эмэгтэйчүүд намаар хуваагдалгүй биенээ дэмжиж эв нэгдэлтэй ажиллавал өнөөдрийн нийгмийн хар барааныг бага ч гэсэн цайруулах болов уу. Өнөөдөр парламентад ажиллаж буй эмэгтэйчүүдэд алдаа дутагдал бий. Нэг нам хэт олонх болохоороо бодлогын түвшинд эмэгтэйчүүдийнх нь дуу хоолой дарагддаг байхыг үгүйсгэхгүй.
Гэхдээ эмэгтэй гишүүд өөрсдөө санаачилга гаргаад идэвхтэй байвал эмэгтэйчүүд, хүүхдүүд, хүний амь нас эрсдэж буй асуудлаар дуу хоолойгоо өргөөд явах боломжтой болов уу. Гагцхүү өөрсдийнх нь хүсэл эрмэлзлэл хаана байна, эв нэгдэлтэй байж чадаж байна уу гэдгээс л шалтгаална. Би хөндлөнгөөс тэдний тогоо, шанага руу өнгийх нь зохимжгүй. Бидний парламентын үед янз бүрийн шүүмжлэл яригдаж л байсан. Эрээвэр, хураавар парламент бүрдсэн гэж ярьдаг байв. Хоёр дээд сургууль төгссөн намайг хүртэл боловсролгүй гэж хэлдэг л байлаа. Гэхдээ энэ бол эмэгтэйчүүдийг дайрдаг л асуудал. Тэгэхээр шүүмжлэлээс болж шантарч, эмзэглэж, няцах шаардлагагүй. Уг ярилцлагыг уншиж буй эмэгтэйчүүддээ хандаад “Бид эв нэгдэлгүйгээсээ болж эрчүүдийн эсрэг зогсож чадахгүй байна. Энэ бүтээн байгуулалт, өрх гэр бүлийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй эрчүүдэд дарлуулж байна. Тиймээс намаар хуваагдалгүй эв нэгдэлтэй байя, биенээ дэмжье” гэж хэлмээр байна.
-Өмнөх парламентын эмэгтэй гишүүд их эв нэгдэлтэй байсан. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиас эхлээд нийгэмд хэрэгтэй томоохон хуулиудыг санаачилж батлуулж чадаж байлаа?
-Маш их идэвхтэй ажилладаг байсан. Бүгд л дор бүрнээ нэг ажил санаачилж хийхээр зорьж байлаа. Бид өдрийн цайгаа хүртэл хамт уудаг байсан. Цай уух үеэрээ хэн нь яаж ажиллаж байна, аль хуулиар ямар байр суурь илэрхийлэх вэ зэргээ ярьдаг байсан. Хүүхдийн мөнгө хасчихлаа, Ерөнхий сайдтай бүгдээрээ уулзъя гээд их л идэвхтэй ажиллаж байжээ. Тэр бүү хэл шинэ жилийнхээ уур амьсгалыг сайжруулахын тулд өөрсдөө зохион байгуулж байсан. Бидний хийсэн ажлуудын сайхан түүх их бий.
-Одоо та бүхэн холбоотой байдаг уу. Хэр уулздаг вэ?
-Бид нар уулзалддаг. Амьдралын жаргал, зовлон тохиолдоход уулзалдаж хамтдаа байдаг. Арвин гишүүн маань өөд болсон. Тэр үед нийгмийн сэтгэл зүйг үнэхээр мэдэрсэн. Хүний амьдрал дуусч байхад янз бүрийн хар муухай сэтгэгдэл бичсэн байсныг олж харсан. Тэр бол их жигшмээр зүйл. Ийм хандлагыг арилгахын тулд л ажиллах хэрэгтэй. Бид уулзалдаж жаргал, зовлонгоо хуваалцана. Эмэгтэйчүүд болсон хойно салахгүй удаан ярилцана. Харин намынхаа бодлогын асуудалд тусдаа байр, суурьтай байдаг.
-“ТӨРИЙН ОРДОНД ГЭР ХОРООЛЛЫН УТАА ҮНЭРТЭХ НЬ”
ГЭЖ ЯРЬДАГ БАЙСАН-
-Таныг УИХ-ын гишүүнээр ажиллах дөрвөн жилийн хугацаанд байшингийн тань талаарх хэл, ам тасраагүй. Одоо та тэр байшиндаа амьдарч байгаа юу. Таныг Зайсанд үнэтэй байшинд амьдардаг гэж хүртэл ярих юм?
-Би их сонин жишгийг тогтоосон. Энэ үүднээсээ хүмүүст гоочлуулж явдаг л байх. Тэр бол Монголын төрд хэнбугай нь ч орж ажиллаж болно гэдэг жишиг юм. Заавал хөрөнгө, мөнгөтэй хүн ажиллах албагүй шүү дээ. Хуучин Ардын Их хурлын депутатаар хоньчин, саальчин, малчин гээд нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс ажилладаг байсан. Тэдгээр хүмүүс ажил хөдөлмөрөөрөө шалгараад л Ардын Их хуралд орж байсан. Би 76 гишүүнээс ганцаараа гэр хороололд амьдарч байлаа. Намайг УИХ-ын гишүүнээр сонгогдоход “Төрийн ордонд гэр хорооллын утаа үнэртэх нь” гэж ярьж л байсан. Одоо бодохоор хөөрхөн ч юм шиг. Яахав дээ, мөнгөтэй төгрөгтэй хүмүүст би амьдралын нэг үнэрийг үнэртүүлж чадсандаа баяртай байдаг. Цалингийн зээл хүртэл авч байлаа.
УИХ-ын тамгын газрын ажилчдын нийгмийн асуудлыг дэмжихэд 250 сая төгрөг төсөвт суулгаж байсан. Гэтэл тэр 250 сая төгрөгийг З.Баянсэлэнгэд ганцааранд нь өгсөн мэтээр ярьж л байсан. Бүр байр авч өгсөн гэж шуурсан. Тухайн үед УИХ-ын тамгын газрын даргаар Ц.Шаравдорж гуай ажиллаж байсан. Би Ц.Шаравдорж гуайтай уулзаад “Намайг 250 сая төгрөгийн байрны дэмжлэг авчихлаа гээд байна. дэмжлэг аваагүй гэдгийг баталж бичиг хийгээд өгөөч” гэж байсан. Тэгээд З.Баянсэлэнгэд орон сууцны дэмжлэг болгон нэг ч төгрөг өгөөгүй гэсэн бичгийг авч байлаа. Саяхан ном, сэтгүүлээ цэгцлээд сууж байхад тэр бичиг гараад ирсэн. Юмыг яаж мэдэх вэ гэж бодоод хадгалсан. Сонгуулийн үеэр дахин энэ асуудлыг сөхөж магадгүй шүү дээ. Энэ асуудлаар АТГ-д хандаад өөрийгөө шалгуулж л байлаа.
-Гэтэл та цалингийн зээл аваад байшингаа зассан байдаг?
-Банкнаас авсан зээл дээрээ нэмээд цалингийн зээл аваад байшингаа зассан. Хоёр байшингаа буулгаж шинээр байшин барьсан. Тэр байшиндаа амьдарч байтал аав минь өөд болсон. Би мөнхөд аав, ээжтэйгээ амьдрах юм шиг санаад нэг их том байшин барьсан. Тэгэж байтал хоёр хүүхдийн маань нэг нь цэрэгт явсан. Тэгээд л тэр том ханхайсан байшинд цөөхүүлээ амьдрах болсон. Удалгүй ээжийн минь бие муудсан, байнгын асаргаа шаардлагатай болсон. Ингээд би хашаа, байшингаа зарсан. Одоо Хан-Уул дүүрэгт Яармагт Ханбогд хороололд амьдарч байна. Хүний амьдралд жаргал, зовлон тохиолддог. Хүн өөрийнхөө хэмжээнд амьдрахад л болох юм. Заавал бусадтай адил том байшинд амьдарч, том машин унах шаардлагагүй. Энэ бол миний л амьдрал. Би өнөөдрийг хүртэл хүнд таалагдах гэж амьдарсангүй. Өөрөө, өөрөөрөө л байхыг хичээлээ.
-ХУУЛЬ БУСЫНХАА ХОНГИЛООР НАМАЙГ ЧИРВЭЛ НЭР ДЭВШИХГҮЙ БАЙХ ДҮР ЗУРАГ АЖИГЛАГДАЖ БАЙНА-
-Мэдээж та 2020 оны УИХ-ын сонгууль нэр дэвших байх. Ямар төлөвлөгөөтэй байна?
-Хууль хүчний байгууллагын шалгалт нь нэг талдаа гарчихвал би нэр дэвшинэ. Хэрэв эсрэгээрээ хууль бусынхаа хонгилоор намайг чирвэл нэр дэвшихгүй байх дүр зураг ажиглагдаж байна. Гэхдээ би нэр дэвших, дэвшихгүйдээ анхаарах бус МАХН-ынхаа санаачилсан орон сууцны хөтөлбөрийг нэг ч болов айлд хүрээсэй гэж хүсч байна. Энэ санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд ажиллана.
-Гэтэл энэ хөтөлбөр хэрэгжих боломж хэр вэ. Та бүхнийг эдийн засгийн тооцоо үндэслэлгүй сонгуулийн шоу хийж байна гэх хүмүүс байна шүү дээ?
-Монголчууд бид яаж амьдраад байгаа юм. 21-р зуунд галаа яаж түлэхээ заалгаад сууж байна гэдэг эмгэнэлтэй. Социализмын үед хүмүүст үнэгүй байр өгдөг л байсан.Тэгэхээр бидний яриад буй ажил цоо шинэ биш юм. Гадны улсуудад энэ хөтөлбөр хангалттай хэрэгжээд явж байна. Өнөөдөр зах зээл дээр 55 мянган айлын орон сууц борлогдоогүй эзнээ хүлээж байна. Байрны нийлүүлэлт, эрэлт хоёулаа бий. Гэтэл тус байранд иргэд орж чадахгүй байна. Учир нь дунд нь банк ажлыг нь гацаагаад байна. Банк иргэдэд өндөр шаардлага тавьдаг. Худалдан авч буй байрныхаа 30 хувийг урьдчилж өг гэдэг. Үлдэгдлээ 8 хувиар 20 жил төл гэдэг. Тэгэхээр 60 сая төгрөгийн зээл авсан хүн 160 сая төгрөг болгон эргүүлж өгч байна. Яаж, ийж байгаад байрны урьдчилгааны мөнгөө бүрдүүлэхээр “Таны сард төлөх орлого тодорхойлогдохгүй байна” гээд зээл олгодоггүй.
Тэгэхээр эрэлт, нийлүүлэлт хоёрын дунд төр зохицуулалт хийе гэж байгаа юм. Иргэн, төр, барилгын компанийн хооронд гурвалсан гэрээ хийнэ. Банкны шаардлага хангаж чадахгүй учир иргэд байртай болдоггүй. Харин иргэд байранд орохгүй болохоор барилгын компани хүнд байдалд ордог. Компаниуд бизнесийн зээлээр хөл дээрээ босох гэж ядаж байна. Гэтэл байр нь борлогдохгүй болохоор дампуурах гээд байна. Тэгэхээр банкийг оролцуулахгүйгээр иргэдтэй хувь бартер хийж байна. Тэгэхээр үүнд л төр менежмент хийе гэж байгаа юм. Төр өөрөө 55 мянган айлын орон сууцыг худалдаж аваад иргэддээ өгчихье. Тэгэхээр мөнгөтэй болсон барилгын компани дахиад байшин бариад эхэлнэ биз дээ. Барилгын компаниуд төрийн дарамтгүй богино хугацаанд барилга барина. Тэгэхээр өнөөдрийн зах зээлийн үнээс ч хямдаар барина. Учир нь газар нь үнэгүй, төр дэмжлэг үзүүлнэ. Ийм л тооцоолол хийсэн.
-Иргэдийн төлөх чадамжийг та бүхэн судалж үзсэн үү. Хэрээ МАХН гарахгүй бол энэ хөтөлбөр хэрэгжихгүй биз дээ?
-Энэ хөтөлбөрийг ажиглаад зөв зүйтэй байна гэдгийг олоод харсан улс төрчид байна. Өөрсдийн мөрийн хөтөлбөртөө бидний санаанаас оруулахыг үгүйсгэхгүй. Бид УИХ-д ороод энэ ажлаа хийхийг хүснэ. Сонгуульд амжилттай оролцож чадахгүй бол Засгийн газарт хамтраад явахыг үгүйсгэхгүй. Тэр цагт энэ хөтөлбөрийн ололт амжилтыг яриад хамтраад ажлаа эхлүүлэхийг үгүйсгэхгүй. Энэ хөтөлбөр бол түмэн олны төлөө эхлүүлсэн ажил учраас биднийх гэж өмчлөхгүй.