Сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа долоо хоногт 10 мянгаас цөөн хүн ковидоор нас барсан үзүүлэлт гарчээ.
Тодруулбал өнгөрсөн долоо хоногт ковидоос үүдэлтэй нас баралт буурч, 9600 болсон байна. Мөн долоо хоногийн хугацаанд шинээр илрэх ковидын тохиолдол 3.1 сая болжээ. АНУ-д сүүлийн долоо хоногийн хугацаанд 660 мянган хүнээс халдвар илрүүлсэн бөгөөд энэ нь өмнөх долоо хоногоос 60 мянгаар өссөн үзүүлэлт аж. Харин Канадад өнгөрөгч дөрөвдүгээр сартай харьцуулахад халдварын тохиолдол 5 дахин буурчээ. Үүнээс харахад тахал нь томуугийн шинж тэмдэг бүхий болж үхлийн аюулаас бага ч болов холдож байгаа хэрэг аж.
Европын улс орнуудаас одоогоор Германд хамгийн өндөр тархалттай байна. Тус улсад долоо хоногт дунджаар 300 мянган хүнээс халдвар илрүүлж байна. Францад Германтай харьцуулахад хоёр дахин цөөн тохиолдол бүртгэжээ. Гэвч тус улсад сүүлийн өдрүүдэд 40 мянгаас дээш тохиолдол бүртгэсэн байна. Италид мөн л 20 мянгаас дээш тохиолдол бүртгэгдэж байна.
Азийн улс орнууд мөн л хүндхэн нөхцөлд байгаа талаар ТАСС мэдээлжээ. Тухайлбал, БНАСАУ-д өнгөрөгч бямба гарагт 42,810 тохиолдол илэрсэн байна. Японд тавдугаар сарын дунд үетэй харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд хоногт 15 мянган хүнээс халдвар илэрчээ.
Харин манай орны хувьд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 87 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 25 нь Улаанбаатарт, 62 нь орон нутагт илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын нийт тохиолдлын тоо 927,122-д хүрсэн бол нас баралт 2,116 болсон байна.
Ц.Хүслэн