Ковид-19 цар тахлын улмаас манай орны хамгийн түгээмэл түүхий эд болох нүүрсний экспорт зогсонги байдалд хүрсэн билээ.
Харин БНХАУ-тай хиллэдэг боомтуудын хязгаарлалт суларснаар тавдугаар сард Монгол Улсын нүүрсний экспорт өмнөх саруудаас өссөн үзүүлэлттэй байна.
Монгол Улс тавдугаар сард 1.93 сая тонн нүүрс экспортолсон нь сарын дүнгээр өмнөх оны мөн үеэс 46 хувиар, өмнөх сараас 52 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Түүнчлэн нүүрсний экспорт он гарснаас хойш тогтмол өсөж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойших дээд түвшинд хүрчээ.
БНХАУ-ын талтай тохиролцсоноор экспортын гол гарц Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт гарах нүүрс тээврийн автомашины тоо нэмэгдсэн байна. Хэдийгээр тавдугаар сард тээврийн жолоочоос Ковид-19-ийн халдвар илэрсэн ч дөрөвдүгээр сартай харьцуулахад экспортын нөхцөл байдал сайжирсан нь харагдаж байна.
Тайлант сард тус боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 372 автомашин хилээр гарсан бөгөөд харин зургаадугаар сарын эхний 10 хоногт дунджаар 407 автомашин хилээр гарсныг “SXCoal” мэдээллээ. Үүнээс гадна нүүрсний экспортын хоёр дахь гол гарц Сэхэ боомт тавдугаар сарын 25-нд нээгдсэн нь экспортод эергээр нөлөөлж байгаа аж. Одоогийн байдлаар өдөрт дунджаар нүүрс тээврийн 30-60 автомашинаар тээвэрлэлт хийгдэж байна.
Ц.Хүслэн