Д.Болд: Эрээн-Хавкан жимс, нарийн ногооны терминалаас ачилт хийж эхэлснээр 15 вагон орж ирсэн

Д.Болд: Эрээн-Хавкан жимс, нарийн ногооны терминалаас ачилт хийж эхэлснээр 15 вагон орж ирсэн

Гадаад Харилцааны Яамнаас Эрээн хотод коронавирусийн халдвар гарч, хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод байгаатай холбоотойгоор хилийн боомтоор дамжих ачаа тээврийн нөхцөл ямар байдалтай байгаа талаар мэдээлэл хийлээ. 

Гадаад Харилцааны Яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд "Зургадугаар сарын 2-нд Хятадын талд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн учир энэ өдөр авто замын боомтоор чингэлэг орж ирээгүй. Зургадугаар сарын 3-нд Луут завины баярын өдөр байсан тул Замын-Үүд-Эрээн боомт амарсан. 4-нөөс эхлээд Хятадын талтай бүх түвшинд харилцаж ажилласны дүнд боомтын үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулж чадлаа.

Энэ сарын 4-8-ны хооронд өдөрт дунджаар 30-40 чингэлэг уг боомтоор орж ирсэн. Харин 9-нөөс хэвийн байдалд орж, өнгөрсөн дөрвөн хоногийн хугацаанд Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор боомтоор 75 чингэлэг орж ирлээ.

Хятадын талаас манай хүсэлтийг хүлээн авч Эрээн-Хавкан жимс, нарийн ногооны терминалаас ачилт хийж эхэлснээр нарийн ногоо тээвэрлэсэн эхний 15 вагон энэ сарын 11-нд орж ирсэн. Цаашдаа уг боомтын үйл ажиллагааг тогтворжино гэсэн найдлага тавьж байна.

Зургадугаар сарын 13-ны 09:00 цагийн байдлаар Эрээн хотод халдварын 456 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 240 нь шинж тэмдэггүй болохыг Эрээн хотын Шуурхай Штабын албан ёсны мэдээ гарсан. Халдварын шинэ голомт үүсээгүй, тусгаарлагдсан иргэдээс гарч байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Сүүлийн гурван хоногт шинээр голомт үүсээгүй учир Эрээн хотын цар тахлын нөхцөл байдлыг хумигдаж байна гэж харж байна" гэлээ.