Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутаг дэвсгэр дэх 67-р сургуулийн урд талын замд өнөөдөр буюу зургаадугаар сарын 12-ны 13.00 цагийн орчимд Б хэмээх жолоочтой Кантер маркын автомашин явган зорчигч 40 орчим насны эрэгтэйг мөргөжээ.
Зам тээврийн ослын улмаас явган зорчигчийн амь нас хохирсон байна.Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг Цагдаагийн байгууллагаас явуулж буй юм. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн тээврийн хэрэгсэл жолоодож, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан хэрэг гарсаар байгааг Тээврийн цагдаагийн албанаас сануулж, согтуу үедээ жолоо барихгүй байхыг анхааруулав.