Гишүүдийн олонх Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
ШУУД ҮЗЭХ:
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Хуулийн төсөлд Засаг дарга орон нутгийн өмчит компанийн ТУЗ-ийг чөлөөлөхөөр байна лээ. Тэдгээрийг сонгон шалгаруулахдаа орон нутгийн өмчийн хариуцсан засаг захиргааны нэгж гэсэн байсан. Томьёолол нь буруу шүү. Засаг дарга ТУЗ-ийн гишүүдийг томилдог. Урамшууллын тогтоодог байж болохгүй. Иргэдийн хурал байх ёстой. Өмчийн эзэн өөрийнхөө төлөөллийг томилдог, харин Засаг дарга санал болгодог байвал дээрх байх. Орон нутагт улстөржилт, хахуулыг бий болгодог газар бол орон нутгийн өмчийн оролцоотой компаниуд байдаг. Яагаад гэхээр ТУЗ-д улстөрчид орж байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар орон нутгийн өмчийн компанийн ТУЗ-д орно. Цалин урамшуулал авна. Нэг хүн гэхэд 100 гаруй сая төгрөг авна. Гүйцэтгэх захирал ТУЗ-тай гэрээ байгуулаад дэлхийн зах зээл дээр үнэ өсөхөд бизнес төлөвлөгөөнөөс давсан нэг хувь гэдэг байдлаар тавьчихаар хэдэн зуун сая, тэрбумын асуудал болж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Нэгдүгээрт, төр ямар бизнес хийх, хийхгүйг УИХ дөрөв дөрвөн жилээр батална. Тэргүүлэх чиглэл гэж тодорхойлсон асуудлаар төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах босгыг тавьж өгнө.
Хоёрдугаарт, төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулахын тулд Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд багтсан, тооцоо судалгаатайгаар төр бизнес хийнэ. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд багтаагүй бол хувийн сектор бизнес хийх боломжтой.
ТУЗ-ийг томилохдоо нээлттэй сонгон шалгаруулалт хийнэ. Төрийн төлөөллийг ч, хараат бус гишүүдээ ч мөн адил нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоно. Орон нутагт өмчийн асуудал эрхэлсэн нэгжтэй байя гэдэг шийдлийг өмнөх хуульд оруулсан. Аймаг, орон нутгууд өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх байгууллагуудынхаа бүтцийг эцэслэж шийдээгүй байгаа. Орон нутгийн өмчит компанийн тухайд тэр байгууллага нь ТУЗ, гүйцэтгэх удирдлагатай холбоотой сонгон шалгаруулалт хийх захиргааны ажлаа хариуцна. Харин Засаг дарга томилгоог эцэслэн хийнэ.
Мөн төсөв батлах, ашиг, алдагдлыг тайлан батлах, ногдол ашиг хуваарилахын тухайд төрийн өмчит компанийнхыг УИХ, орон нутгийн өмчит компанийнхыг тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал шийднэ. Түүнчлэн маш их хэмжээний урамшуулал авдгийг хязгаарлана. Алдагдалтай ажиллуулсан тохиолдолд тухайн өмчлөгч нь ТУЗ, гүйцэтгэх удирдлагаас алдагдлаа нэхэмжлэх эрхтэй болж байгаа.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: Энэ хуулийг баталснаар аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газар гэдэг байгууллага байхгүй болно. Бүгд компанийн засаглал руу шилжих ёстой. Олон улсын гэрээгээр зохицуулагддаг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг энэ нэршлээрээ үлдэж, бусад нь бүгд өөрчлөгдөнө.
ТУЗ-ийн гишүүнээр өмчийн болон авлигын хэрэгт холбогдож байгаагүй, сүүлийн найман жил улс төрийн албан тушаал хашиж байгаагүй хүмүүсийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилно.
Урамшууллын хувьд дөрвөн сарын цалингаас хэтрэхгүй байх бодлого барьж байгаа. Гэхдээ компани болгоны онцлогоос шалтгаалж уян хатан хандана. Томилгоон дээр хаа нэг газрын шахалтаар эсвэл сайдын томил гэдэг хүн болгоныг томилох боломжгүй болсон. Тодорхой шаардлага тавигддаг болсон. ТУЗ-ийн гишүүдийг гурваас дээшгүй жилээр томилж, нэг удаа улираана. Гүйцэтгэх удирдлагатай жил тутам гэрээгээ сунгаад явах уу үгүй юу гэдгээ ТУЗ шийднэ.