Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар чуулганы завсарлагааны үеэр сэтгүүлчдийн асуултад хариулж, мэдээлэл өгөв.
Тэрбээр “Польшийн цагдаагаас эрэн сурвалжлагдаж буй элчин сайдууд гээд өнөөдөр л гэнэт 69 хүн тээгээд аваад яваад байгаа шиг ойлгоод байгаа. Гэтэл та бүхэн мэдэж байгаа шүү дээ, энэ бол 2009 оны жагсаалт. Маш тодорхой нэг зүйлийг хэлье. 69 хүнийг бүгдийг нь цагдаад өгсөн. Хуучин энэ чинь Польшийн цагдаа дээр хэрэг үүсчихээд манайд мөрдөн байцаах газар хүсэлт нь орж ирээд, Мөрдөн байцаах газраас Гадаад харилцааны яаманд ирж байгаа. Бид гадны хууль хүчний байгууллагатай шууд харьцаж ажилладаггүй. Ирсэн мэдээллийг нь бүгдийг нь өгөөд явуулсан.
Баригдсан хүмүүсийг би бүгдийг нь хөөгөөд явуулсан, миний гарын үсэг бий. Дараа нь таван жилийн дараа хүрээд ирэхэд тэднийг бүгдийг нь буцаагаад авчихсан байсан. Би ахиад бүгдийг нь хөөгөөд явуулсан. Энэ 69 хүний хувьд дотор нь яваагүй хүмүүс бий. Энэ хүмүүс ямар ажлаар явж байсан гэдэг шалгалт явж байгаа. Польшийн цагдаагийн газраас ямар нэгэн бичиг ирээгүй байхад “Би мэдэж байна” гээд шийдвэр гаргах уу. Учир нь энэ 69 хүний дотор Европ ч явж үзээгүй хүний нэр байна, нас барчихсан хүн ч байна. Тиймээс би цагдаад л хандана биздээ. 2009 оноос хойш яагаад энэ бичиг ирэхээ больчихсон юм гэдгийг та нар бас нэг бодоод үзээрэй.
Би 2012 онд энэ хулгайчидтай чинь тэмцээд, өөрөө хичнээн их дайруулсан, ямар их мөнгөний асуудал үүний ард явж байгаа вэ. 2012 онд би ардаа тамхины наймаагүй яам үлдээсэн. Нэгэнт задарсан учир хэлэхэд энэ 69 хүний ихэнх нь Гадаад харилцааны яамны хүмүүс биш. Дийлэнх нь өндөр дээд албан тушаалтай байсан хүмүүс байгаа шүү дээ. ГХЯ тусгай алба учир өөр дээр нь гал ирж байгаа хэдий ч чимээгүй л яваа. Тэр үед холбогдсон, тээвэрлэж явж байгаад баригдсан хүмүүсийг би бүгдийг нь явуулсан. Энэ 69 хүн дотор одоогийн Гадаад харилцааны яамны яг унаган ажилтан хүн байхгүй.
12 сард Мөнхбат гэдэг этгээд хар тамхи зөөсөн. Ний нуугүй хэлье. 12 сард энэ асуудал гарсны дараа буюу нэгдүгээр сард Европын оронд суудаг манай бүх элчин сайдыг шалгах хэрэгтэй байна гэдэг бичиг явуулсан. Өнөөдөр манай яамыг энэ бүх хэргийг дэмжээд зохион байгуулсан юм шиг юм яриад байх юм. Зохион байгуулсан хүн үүнийгээ нуух гэж оролдоно биз дээ. Тэгэхэд өөр ямар нэгэн сайд Элчин сайдуудаа шалгуулах гэж Тагнуул руу бичиг явуулж байсан юм уу, үгүй юм уу. Гадаад харилцааны яам ийм ажил хийнэ гэдэг аргаа барсан маш нарийн нууц ажиллага. Цаашдаа ийм юм хийж байгаа хүмүүсийг барьж л хашраана биз дээ. Үнэн байдал ийм л байгаа. Тэр хулгайч чинь би биш" гэлээ.