Төрсөн нутаг унасан газар шороо гэдэг хүмүүн бидэнд төдийлөн чухал байдаггүй, ихэнх нь төрсөн нутгаа ч санадаггүй болсон гэхэд болох биз ээ. Харин морины хувьд төрсөн нутгаасаа салж өөр нутагт хүрсэн адуу ижил сүрэг, идээшил сайтай газраа орхин төрлөх нутагтаа л тэмүүлдэг чанар зөвхөн Монгол адуунд л байдаг тухай эрт дээр үеэс үлгэр домог мэт яригдсаар ирсэн. Тиймээс ч настай хүмүүс гүйж яваа морийг битгий үргээ гэж үе үеийнхэндээ захидаг билээ.
Тэгвэл энэ түүхийн тод жишээ болж яваа Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Уулбаян сум хүрэхээр "Голомт хээр", Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сум хүрэхээр "Гал хүрэн" морьд эх нутгаа зорин 1000 гаруй км замыг туулан, моринд хайртай олон түмний сэтгэлтэй хамт гүйж яваа юм. Тиймээс бид энэ удаагийн сурвалжилгаараа "МОНГОЛ МОРИНЫ ГАЙХАМШИГ" баримтат нэвтрүүлгийн баатар "Гал хүрэн" морины эзэн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэн А.Батжаргалтай холбогдож ярилцлаа.
ВИДЕО:
-МОНГОЛ АДУУ Л ИНГЭЖ ТӨРСӨН НУТАГТАА ТЭМҮҮЛЖ ГҮЙДЭГ ЮМ ГЭНЭ БИЛЭЭ-
-Сайхан зусаж байна уу? Та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу? Би Өвөрхангай Зүүнбаян-Улаан сумын иргэн Алтангэрэлийн Батжаргал гэдэг хүн байна.
-Гал хүрэн морийг хэзээ, хаанаас яаж авч байв?
-Хүрэн морийг 2019 онд манай хуурай дүү “Шар” гэдэг хүн надад бэлэглэж байсан юм.
-Тэгэхээр нутгаасаа гараад хүний гар дамжин явсан гэсэн үг үү?
-Тийм юм байна лээ. Анх 2015 онд соёолон үрээ ирсэн юм гэнэ билээ. Өвөрхангай аймгийн Уянга суманд түүнээс хойш 3, 4 эзэн дамжиж яваад надад ирсэн хүлэг байгаа юм.
-ХУУЧИН ЭЗЭНДЭЭ БАЙХДАА БАЙНГА Л ЗҮҮН ЗҮГТ ГҮЙДЭГ БАЙСАН УЧРААС УЯЖ БАЙГААГҮЙ ЮМ БАЙНА ЛЭЭ-
-Та “Хүрэн морио” уядаг байсан уу? Ямар угшлын адуу байсан бэ?
-Цэвэр Монгол адуу байсан. Хуучин эзэн дээ байхдаа байнга л зүүн зүгт гүйдэг байсан учраас уяж байгаагүй юм байна лээ. Манайд ирснээс нь хойш бид ойр зуур унадаг байсан. Их номхон морь л доо. Жилдээ нэг хоёр гурван удаа нутаг руугаа гүйчхээд байдаг тийм л морь байсан даа.
-Хүрэн морио адуун сүрэгтэйгээ ижилсүүлж үзсэн үү?
-Тэгэлгүй яах вэ. Гүү дийлэнх адуунд их тогтдог юм.
-Ижил сүрэгтэйгээ байхдаа гүйж байсан уу?
-Идээшиж байж байгаад л гэнэт гүйгээд алга болдог байсан. Ихэнхдээ шөнийн цагаар ганцаараа салаад зүүн тийшээ гүйгээд байдаг юм.
-Гүйгүүл морьдыг дагж яваа Ю.Үнэнбүрэн гэдэг хүнийг таньдаг байсан уу? Яаж холбогдсон бэ?
-Танилгүй яах вэ. Манай нутгийн хүн л дээ. Нэг өдөр надтай утсаар холбогдоод "МОНГОЛ МОРИНЫ ГАЙХАМШИГ" гэдэг баримтат нэвтрүүлэг хийх гэж байгаа тухай ярьсан. Манай морийг гүйдэг гэдгийг сонссон юм байна лээ. Тэгээд морио тавьж явуулах санал тавьсан.
-ШӨНӨ 12 ЦАГИЙН ҮЕД ӨВС ТАВЬЖ ӨГӨХӨД БАЙСАН АДУУ ӨГЛӨӨ БОЛОХОД 70 КМ ГҮЙСЭН БАЙСАН-
-Танд морио нутаг руу нь явуулах саналыг тавихад танай гэр бүлийнхэн яаж хүлээж авсан бэ?
-Манай хүү дургуй л байсан. Хотод байдаг юм л даа. Хүрэн морийг унадаг байсан юм. Би ч хүүдээ хэлэлгүй явуулах шийдвэр гаргасан. Хүү маань одоо бол явуулсан нь зөв байсан байна гэж байгаа.
-Яагаад “Хүрэн морио” нутаг руу нь тавьж явуулах болсон бэ?
-Энэ хавар дөрвөн сард шөнө гадаа байсан чинь өглөө байдаггүй. Маргааш араас нь явах гэж байтал манай нэг хуурай дүү яриад таны хүрэн морийг гүйж явахад нь нэг хүн бариад уясан байна. Эзэн нь ирж ав гэсэн пост хийсэн байна гэсэн. Тэгээд очиж авчирсан. Шөнө 12 цагийн үед өвс тавьж өгөхөд байсан адуу өглөө болоход 70 км гүйсэн байсан. Ерөөсөө долоон жил төрөлх нутаг руугаа тэмүүлж байгаа морь болохоор буян болог дээ гээд явуулахаар шийдсэн дээ.
-“Хүрэн морио” танай гаднаас гүйлгэж тавьсан уу. Эсвэл хамт гүйж явсан Голомт хээр морьтой нь нийлүүлж тавьсан уу?
-Хамт гүйж яваа морьтой нь нийлүүлж явуулсан юм. Гадаа хашаанаас ачаад Өвөрхангай аймгийн урд тал “Хөдөө булан” гэдэг газраас тавьсан юм байна лээ. Би яг тэгж нийлүүлэхэд нь хамт яваагүй.
-Очих нутаг нь хол шүү дээ 800 гаруй км гүйж яваа. Нутгаасаа гарахдаа тараг авсан байсан уу?
-Манай нутагт өвөлжөө сайхан байсан болохоор тарган цатгалан, тамир тэнхээтэй явсан даа.
-НУТАГТАА ОЧИЖ БАЙГААГ НЬ ХАРАХААР УЙЛАХ Л БАЙХДАА-
-Морио яг ачаад явуулах мөчид танд ямар санагдсан бэ?
-Эвгүй л байсан. Малын буяныг бодож сэтгэл нь амар байхыг хүсээд л үдэж гаргасан даа.
-Одоо гүйгээд явж буй бичлэгийг нь үзэж байгаа юу?
-Байнга үзэж байгаа. Фейсбүүкээр хардаг юм. Үзэхээр бас сэтгэл хөдлөөд, нутагтаа дөхөж яваа болохоор Хүрэн мориныхоо өмнөөс догдлоод л байж байна.
-Голомт хээр морь нутагтаа очиход нь тавьж явуулсан эзэн нь хамт очиж хүлээлгэж өгсөн шүү дээ. Танай гэр бүлийн хувьд эзэнд нь хүлээлгэж өгөхөөр явах уу?
-Манай хүү Улаанбаатар хотоос очихоор болсон. Сэтгэл нь хөдөлсөн юм байлгүй гэнэт л “Ерөөсөө би очиж хүлээлгэж өгөөд ирье” гээд өнөөдөр /2022.06.09/ хотоос гарч байгаа.
-Хүүдээ захиж хэлсэн үг байгаа юу? Эзэнд нь дамжуулах үг ч юм уу?
-Өөрөө өөрийнхөө морийг мэдээд нэг юм хэлэх л байлгүй дээ. Би сайн мэдэхгүй байна. Нутагтаа очиж байгааг нь харахаар уйлах л байхдаа /инээв/
-МОНГОЛ АДУУ Л ИНГЭЖ ТӨРСӨН НУТАГТАА ТЭМҮҮЛЖ ГҮЙДЭГ ЮМ ГЭНЭ БИЛЭЭ-
-Учир мэддэг хүмүүс “Хүрэн” зүсмийн адуу нутагтаа гүйх нь элбэг байдаг гэдэг шүү дээ. Энэ тал дээр таны хувьд юу гэж бодож байна.
-Тийм яриа их сонсож байсан. Монгол адуу л ингэж төрсөн нутагтаа тэмүүлж гүйдэг юм гэнэ билээ.
-Монголчууд гүйж яваа моринд чөдөр, хазаар бүү дөхүүл гэдэг шүү дээ. Таны хувьд морийг төрсөн нутаг руу нь гүйлгэх нь зөв гэж боддог уу?
-Зөв гэж боддог. Гэхдээ явж буй газарт нь чоно нохойтой, ногоо муутай байвал хэцүү шүү дээ. Дээрээс нь энэ төмөр зам гэж бас байна. Яг ингэж хүн дагаж явахгүй бол аюултай л гэж бодож байна.
-Хүрэн морь нь уйгагүй 800 гаруй км гүйлээ. Энэ үйл явцыг хараад төрсөн сэтгэгдлээ хуваалцаач?
-Хүн харж яваа болохоор санаа зовохгүй амар л байна. Монгол мориороо л маш их бахархаж сууна даа.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
-Та бүхэнд бас баярлалаа.