УИХ-ын чуулганы өчигдөр/2022.06.09/-ийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн.
Санаачлагчид нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан нар. Уг хуулийн төслийг 25 жилийн өмнө танилцуулж байсан төслийн суурин дээр боловсруулсан бөгөөд гишүүдийн 57.4 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд шилжүүлсэн юм.
-ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ БОЛ ЁС ЗҮЙГ ХЯНАХ БАЙГУУЛЛАГА БИШ-
Гэвч уг төсөлд Монгол Улсад хэрэгжиж буй 400 гаруй хуулийн бүх заалтыг давтаж тусгасан, шинэ зүйл байхгүйг зарим гишүүн шүүмжилж байлаа. Харин ганц шинэлэг зохицуулалт байсан нь “төрийн бүх байгууллагын дэргэд ёс зүйн зөвлөл байгуулах”.
Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд зааснаар “Төрийн албан хаагчийн ёс зүйг сахин мөрдүүлэх, нэгдсэн арга зүйн удирдлагаар хангах, энэ хуулиар харьяалуулсан ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Ёс зүйн хороог Төрийн албаны зөвлөлийн дэргэд байгуулж ажиллуулах” аж. Ёс зүйн хорооны бүрэлдэхүүн, түүнд тавигдах шаардлага, томилох, ажиллах журмыг Улсын Их Хурал батална.
Товчхондоо, хуулийн төслөөр бол Төрийн албаны зөвлөл дэргэдээ ёс зүйн зөвлөл байгуулаад улс төрийн албан тушаалтнуудыг хянах юм. Гэвч Төрийн албаны зөвлөл бол ёс зүйг хянах байгууллага биш.
Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны төв байгууллага бөгөөд хамтын удирдлагын зарчмаар ажиллаж, төрийн албан хаагчийн стандартын удирдлагыг улсын хэмжээнд нэгдсэн аргачлалаар хангах, хэрэгжүүлэх ажлыг эрхэлдэг, үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнадаг хараат бус, бие даасан байгууллага юм. Энэ талаар Б.Энхбаяр гишүүн “Төрийн албаны зөвлөл бол аймаг, нийслэлийн Засаг даргыг хянах байгууллага нь биш. Энэ нь Үндсэн хуульд заасан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэр дэвшүүлдэг, Ерөнхий сайд нь томилдог, улс төрийн хариуцлага тооцдог албан тушаал. Үүнд Төрийн албаны зөвлөл оролцож, огцруулах дүгнэлт гаргавал Үндсэн хууль зөрчих болно. Зарчим, хэм хэмжээ бусад зүйлтэй нийцэхгүй байна” хэмээгээд төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн юм.
-ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛСНЭЭС ХОЙШ 6 САР, ЗӨРЧИЛ ГАРГАСНААС ХОЙШ 12 САРААС ИЛҮҮ ХУГАЦАА ӨНГӨРСӨН БОЛ ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХГҮЙ ГЭЖЭЭ-
Хууль сахиулах байгууллагын алба хаагчид 24 цагт улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн хоногийн мэдээг дээд албан тушаалтнуудад танилцуулахдаа төрийн алба хаагч холбогдсоныг нь энгийн иргэнээс тусад нь ангилж, танилцуулдаг гэдэг. Тэр ч утгаараа Төрийн алба хаагч бол энгийн иргэнээс ялгаатай эрх зүйн субъект юм. Тэгвэл төрийн алба хаагчид ёс зүйн зөрчил, дутагдал гаргавал ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг уг хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал,
15-р зүйл. Төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх:
15.1. Хуульд өөрөөр заагаагүй бол томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан төрийн албан хаагчид зөрчлийн шинж байдалд нийцүүлэн дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна:
- 1.1. хамт олноос, гомдол гаргагчаас, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох;
- 1.2. өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;
- 1.3. нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;
- 1.4. төрийн албанаас халахыг сануулах;
- 1.5. төрийн албанаас халахыг сануулах шийтгэл ногдуулсны дараа ёс зүйн зөрчил гаргасан, эсхүл албан тушаалын чиг үүрэгт харшлах ноцтой зөрчил гаргасан бол төрийн албанаас халах.
15.2. Сонгогддог болон хуульд заасны дагуу томилогддог, бүрэн эрх нь дуусгавар болдог албан тушаалтныг ёс зүйн зөрчилтэй нь холбогдуулан огцруулах, эгүүлэн татах асуудлыг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
15.6. Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол ёс зүйн хариуцлага хүлээлгэхгүй.
15.7. Төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн өдрөөс хойш нэг жилийн дотор ёс зүйн зөрчил гаргаагүй бол түүнийг ёс зүйн шийтгэлгүйд тооцно гэжээ.
Эдгээрээс 15.6., 15.7 анхаарал татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн алба хаагч ёс зүйн зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол хариуцлага хүлээлгэхгүй, хариуцлага хүлээлгэсэн өдрөөс хойш нэг жилийн дотор дахин зөрчил гаргаагүй бол ёс зүйн шийтгэлгүйд тооцох аж.
Тэгвэл ёс зүйн зөрчилд ямар үйлдлүүдийг тооцох вэ. Хуулийн төсөлд:
- Төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;
- Албан үүргээ гүйцэтгэхдээ бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлохыг цээрлэх;
- Албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгах, хавчин гадуурхахгүй байх;
- Жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт үзүүлэхээс ангид байх;
- ...Өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах;
- Хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, болзошгүй зөрчлийн талаар урьдчилан сануулах, засуулах арга хэмжээ авах;
- Албан тушаал, албаны эрх мэдлээ хувийн болон нийгмийн тодорхой бүлэг, байгууллагын явцуу ашиг сонирхлын төлөө ашиглахгүй байх, хувийн зорилгоор албаны нэр ашиглах;
- Удирдах албан тушаалтан нь албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээг үзүүлэх, хамт олны дотор ажил хэрэгч сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлэх, ёс зүйн зөрчлийг тухай бүр хянан шийдвэрлэх арга хэмжээ авах;
- Удирдлагадаа байгаа албан хаагчийг айлган сүрдүүлэх, доромжлох, хясан боогдуулах, ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт үзүүлэх зэргээр албаны хэвийн харилцааг алдагдуулах, хууль бус үүрэг даалгавар өгөхгүй байх;
- Албан харилцаанд хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдал, хувийн болон гэр бүлийн нууц, нэр төр, алдар хүндийг эрхэмлэх зарчим баримтлах;
- Албаны үүргээ гүйцэтгэхэд нь бусдад саад учруулах, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, албаны харилцааны хэвийн уур амьсгалыг алдагдуулахгүй байх;
- Төрийн албан хаагчийн хувьд хуулиар тогтоосон иргэний эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг эсэргүүцэх, үг, үйлдэл, зан байдлаараа илэрхийлэх, бусдыг өдөөн турхирахгүй байх... гэж заажээ.