Д.Батсүх: Талын салхи олон улсын мото фестивалд ОХУ-аас хэд хэдэн клуб ирж оролцохоор замдаа гарсан

Д.Батсүх: Талын салхи олон улсын мото фестивалд ОХУ-аас хэд хэдэн клуб ирж оролцохоор замдаа гарсан

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-аас Талын салхи олон улсын мото фестивалийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн фестивалийг зургаадугаар сарын 11-нд “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулах юм. Талын салхи наадам энэ жил Д.Сүхбаатарын талбайд болох аж.

Тэрбээр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, “Бид хамтран энэ жил зургаа дахь удаагаа Талын салхи олон улсын мото фестивалийг зохион байгуулах гэж байна. Өмнө нь таван удаа амжилттай зохион байгуулж, олон улсад нэр хүндтэй наадам болгон хөгжүүлсээр ирсэн. Хамгийн сүүлд цар тахлын өмнө буюу 2019 онд таван жилийн ойгоо тэмдэглэх үеэр БНХАУ, ОХУ-аас 200 гаруй, Их Британи, Энэтхэг, Франц зэрэг улсаас жуулчид, аялагчид оролцож байв.

Энэ жилийн Талын салхи наадам нь тухайд цар тахлын хоёр жилийг даван туулсны дараах урлаг спортын томоохон арга хэмжээ тул залуусын хүсэн хүлээлтээр дүүрэн байна.

Наадамд ОХУ-аас хэд хэдэн клубийнхэн ирж оролцохоор аян замдаа гарсан, зарим нь Дархан, Сэлэнгийн нутагт явж байна гэх мэдээлэл байгаа.

Түүнчлэн Талын салхи наадам энэ жил Улаанбаатар хотын нутагт болохоороо онцлогтой. Өмнө нь Тэрэлж, Цонжин болдог зэрэг газарт хоёр өдрийн турш үндсэн арга хэмжээ болдог байсан бол энэ жил Д.Сүхбаатарын талбай дээр зохион байгуулна.

Зургадугаар сарын 11-ний өглөө парадад оролцох мотоциклчид Буянт-Ухаа нисэх буудлын талбай дээр цугларч Яармагийн зам, Уулын замаар дамжин Зайсангаас урагш чигээрээ цуваагаар хөдлөн 13:30 цагийн үед Төв талбайд ирнэ. Нээлтийн үйл ажиллагаа 14:30 цагт эхэлнэ.

Энэ үеэр ховор нандин мотоциклийн үзүүлэх тоглолт болон мотоцикл, дагалдах хэрэгслийн худалдаа, хоол үйлчилгээ, клубүүдийн сурталчилгаа, циркийн үзүүлбэр, урлагийн тоглолтууд болон  алдартай тамирчид, мотоцикл сонирхогчид, аялагч нарт зориулсан хүндэтгэл ёслолын арга хэмжээ болно” гэлээ.