ХБ-ыг цэгцэлсний дараа ХНХЯ-ны халамжийн сангуудыг "дэлбэлж", нүүрс борлуулсан орлогоо нуусан ченжүүдэд арга хэмжээ авна

ХБ-ыг цэгцэлсний дараа ХНХЯ-ны халамжийн сангуудыг "дэлбэлж", нүүрс борлуулсан орлогоо нуусан ченжүүдэд арга хэмжээ авна

Хөгжлийн банк /ХБ/-ны олгосон нийт зээлийн 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон. Тодруулбал, 26 компанийн зээлсэн нэг их наяд төгрөг эргэн төлөгдөөгүйн улмаас тус банк дампуурах эрсдэлд орж улмаар зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад сүүлийн хэдэн сард анхаарч байна.

-АРВАНХОЁРДУГААР САРД 500 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ ЦУГЛАРЧ, ХӨГЖЛИЙН БАНК ДАМПУУРАХ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАГДАЖ БАЙНА-

Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээллээр нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш нийт 240 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсөн байна. Харин төрийн өмчит компаниудын 500 гаруй тэрбум төгрөгийн зээлийг Засгийн газар батлан дааж, төсөвт дарамт учруулахгүйгээр жил бүр бага, багаар төлж дуусгана гэж байгаа юм. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэн уулзалтын үеэр байр, сууриа илэрхийлэхдээ "Ирэх арванхоёрдугаар сар гэхэд Хөгжлийн банканд 500 гаруй тэрбум төгрөгийн зээл төлөгдөхөөр байна. Ингэснээр тус банк дампуурах эрсдэлээс аврагдаж байна. Олон улсаас зээл босгодог банкаа дампууруулчихвал цаашид гадны зах зээлээс бонд босгох, санхүүжилт авахад эрсдэлтэй болно" гэсэн юм.

-ХАЛАМЖ АВДАГГҮЙ ХҮМҮҮСИЙН НЭРИЙГ АШИГЛАЖ МӨНГӨ АВДАГ БАЙЖЭЭ-

Тэгвэл Хөгжлийн банкны зээлийн асуудлыг цэгцэлж дууссаны дараа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/-аар дамжуулан зорилтот бүлэгт олгодог халамж, тэтгэмжийн сангуудыг шалгана гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. 

Урьдчилсан байдлаар тус сангууд нь халамж авдаггүй бусдын нэрийг ашиглаж мөнгө авсан, нэр давхардуулсан зэрэг зөрчлийг ихээр гаргажээ. Энэ үйлдэл нь тогтоогдсон бөгөөд удахгүй шалгаж цэгцэлнэ буруутай хүмүүст хариуцлага тооцох юм байна.

Мөн татвараас зугтсан нүүрсний компаниудыг шалгаж цэгцлэх нь тодорхой болжээ. Одоо Эрүүгийн цагдаагийн газраас нүүрсний компаниудыг шалгаж буй бөгөөд УИХ-ын гишүүн болон өндөр албан тушаалтай хүмүүсийн хамаарал бүхий аж, ахуй нэгжүүд ч буй талаар эх сурвалж мэдээлж байна.  Тодруулбал, тус компаниуд нь Хятадын компаниудтай байгуулсан "худалдах, худалдан авах гэрээ"-нд нүүрсний үнийг хэт багаар тогтоосон байна. Гэтэл бодит байдал дээр гэрээнд тусгагдсан үнийн дүнгээс хэт өндөр үнийн дүнгээр нүүрсийг борлуулж зөрүү мөнгийг хувьдаа орлого болгон авдаг бөгөөд нийт үнийн дүнгийнхээ 20 хувийн борлуулалтаас татвар төлдөг байжээ.

Тухайлбал, нүүрс худалдах гэрээндээ үнийн дүнг 20 ам.доллар гэж заагаад, энэ үнийн дүнгээсээ татвар төлдөг бол, үндсэн үнэ нь 100 ам.долларт борлуулж, татвараас нуусан 80 ам.долларын төлбөрөө wechat зэргийг ашиглаж хувьдаа авдаг байжээ. Энэ нь нүүрсний борлуултын орлогоос улсад төлөх татвараас зугатаж буй үйлдэл юм.