"Эрдэнэс Монгол" компанийн харьяанд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмент”-ийг оруулахаар боллоо

"Эрдэнэс Монгол" компанийн харьяанд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмент”-ийг оруулахаар боллоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталсан байна. Тогтоолоор уг компанийн харьяанд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмент” компанийг оруулахаар шийдвэрлэсэн байна. Тус компанийн харъяа компаниудад ТУЗ-ийн нийт 207 гишүүн байдгийг 27 болгож бууруулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэвлэлийн хурал хийхдээ, “УУХҮЯ-наас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт танилцуулсан. Уг хуулийн төслийг Засгийн газар дэмжиж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байгаа.

Уг хуулийн төсөлд “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц бүрэлдэхүүн, удирдлага, гүйцэтгэх удирдлага, ТУЗ, үйл ажиллагааны стратеги, чиглэлийг онцгойлон зааж өгсөн. Учир нь энэ хуулиар “Эрдэнэс Монгол” компани нь үндэсний баялгийн сан болно. “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмент” компанийг “Эрдэнэс Монгол”-ын харъяанд оруулснаар энэ аж ахуйн нэгж нэгдсэн “Холдинг компани”-ийн хэлбэрт орж байгаа юм. Ингээд тус компанийн харъяа компаниудыг зэс, метал болон нүүрс, эрчим хүчний групп гэж хоёр бүлэгт хуваасан. Улмаар нүүрсний уурхайнуудыг нэг, зэс, металийн компаниудыг нэг ТУЗ удирдах юм. Энэ нь зардлыг хэмнэж, үйл ажиллагааны уялдааг бий болгоно” хэмээв.