Өчигдөр /2022.06.08/ Эрүүгийн цагдаагийн газраас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эгч Х.Цэндбаярын эзэмшлийн “ХКҮ” компанийн Баянгол зочид буудал дахь оффис болон үйлдвэр "Мах импекс" компанийн үйлдвэрт шалгалт хийсэн. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Зургадугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12 буюу Эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх, 24.3 заасан Химийн аюултай, хортой бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэсэн заалтаар тус, тус хэрэг бүртгэлийн хэрэг нээж Эрүүгийн цагдаагийн газарт харъяалал тогтоон ирүүлснийг өчигдөр хүлээн авсан. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж ХКҮ компанийн Баянгол дахь оффист шалгалт хийсэн.
"Эм Ди Си Пи" компани БНХАУ-ын иргэний эзэмшилд байдаг компани. Мах экспортлох зөвшөөрөлгүй. Тус компанийн агуулгахад дулааны аргаар боловсруулсан болон боловсруулаагүй хонь, ямааны 234.8 тонн мах байсан. Үүнээс нэр дурдагдаад буй "ХКҮ" компанийн хаяг шошготой 4842 хайрцаг буюу 96 тонн мах илэрсэн. Хаяг, шошго нь байсан учраас "ХКҮ" компанийн оффист прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийсэн. "ХКҮ" компанийн хаяг, шошгыг хууль бусаар ашигласан эсэхийг мөрдөн байцаалтын явцад тодорхой болгоно.
Одоогоор мах хадгалсан агуулахыг битүүжилсэн" гэлээ.