"Мах чанаж идсэн" МХЕГ-ын газрын дарга н.Балжиннямд хариуцлага тооцох "сонсох ажиллагаа" явагджээ

"Мах чанаж идсэн" МХЕГ-ын газрын дарга н.Балжиннямд хариуцлага тооцох "сонсох ажиллагаа" явагджээ

Улаанбаатар хотын “Эмээлт” зах орчимд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын иргэдийн оролцоотой мах боловсруулах үйлдвэрүүд “муудсан мах”-ыг бэлтгэж, хүнсэнд нийлүүлж байж болзошгүй хэмээн зарим иргэд байр сууриа илэрхийлж байгаа. 

Харин зургадугаар сарын 01-ны өдөр зарим мэдээллийн хэрэгсэл дээрх асуудлаар “Эмээлт” захаас мэдээлэл бэлтгэх үеэр, МХЕГ-ын Хүнс хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга н.Балжинням “муудсан гэх махыг чанаж өөрөө идэж, бусдад амтлуулж байгаа” бичлэг олон нийтэд хүрсэн.

Иймд энэ сарын 02 /2022.06.02/-ны өдөр Төрийн ордонд болсон мэдээллийн үеэр МХЕГ-ын дарга Б.Баасандорж, “МХЕГ-ын ажилтан мах чанасан. Уг асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайн махыг хэрэглэх эсэхийг лабораторид шинжилсний дараа хэрэглэх ёстой. Чанасан нь эрсдэлтэй алхам. Холбогдох хариуцлагыг тооцно” гэж мэдэгдсэн.

Тэгвэл өчигдөр /2022.06.08/ МХЕГ-т "мах чанаж идсэн" асуудалд холбогдоод байгаа н.Балжинням болон өөр хоёр байцаагчийг оролцуулсан “сонсох ажиллагаа” явагдсан байна. Улмаар тус сонсох ажиллагаанаас гарсан шийдвэрийг танилцуулаагүй байгаа ажээ. Зарим албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар, МХЕГ-ын Хүнс хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга н.Балжиннямыг дээрх асуудалтай нь холбогдуулж үүрэгт ажлаас нь чөлөөлж магадгүй байгаа юм байна.