Өнөөдөр өглөө /2022.06.02/ Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ SpaceX компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал хатагтай Gwynne Shotwell –тэй онлайнаар уулзалт хийжээ.
Gwynne Shotwell-тэй Старлинк компанийн үйлчилгээ Монгол улсад хэзээ орохоор төлөвлөж байгаа, одоогийн сүлжээний хамрах хүрээ, бидний зүгээс хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан байна.
Старлинк компанийн зүгээс: Монгол улсын хувьд том газар нутагтай орон учраас газрын станцаа Монгол улсад байгуулах шаардлагатай гэв. Газар нутгийн онцлогоос хамаараад зөвхөн нэг биш нэлээн олон газрын станц барих шаардлагатайг дурдаад газрын станц барих байршил бүрд шилэн кабелийн болон интернэтийг холболт гаргаж өгөх шаардлагатай. Тиймээс Монгол улсад газрын станцаа барьж ашиглалтад оруулахад багагүй хугацаа хэрэгтэй гэсэн байна.
ЦХХХЯ-ны хэрэгжүүлж буй Цахим үндэстэн бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтцийг байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернэтийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд Старлинк үйлчилгээ өндөр ач холбогдолтойг дуулгасан. Мөн тус компани болон ЦХХХЯ хооронд бусад асуудлаар санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар болжээ.