АН-ын дарга С.Эрдэнэ "2008 оны 07 дугаар сарын 01-ний цуст яргаллын үр дүнд хоёр намыг толгойлж байсан нөхдүүд улс төрийн тохиролцоо хийж, стандарт бус эвслийн Засгийн газар байгуулсан.
Тухайн үеийн АН-ын дарга байсан Н.Алтанхуяг таван сайхан залуугийн амь насаар таван сайдын суудлыг наймаалцаж, өөрөө Шадар сайд болсон. Тэр үед би энэ асуудлыг хамгийн их эсэргүүцэж байсан.
Энэ зөвхөн 2008 оны 07 дугаар сарын 01-ний үйл явдлыг далдлах төдийгүй Оюутолгойн луйварын гэрээг хийх нөхцөлөө хангах гэж эвссэн гэдгийг сүүлд ойлгосон. Оюутолгойн гэрээг эсэргүүцэж байсан цөөхөн гишүүнийн нэг нь би. Үүнээсээ болж янз бүрийн нэр цол зүүж ирсэн.
МАНАН гэдэг нэр томъёог бий болгож, тэр хонгилыг бий болгосон хүн нь Н.Алтанхуяг дарга өөрөө мөнөөсөө мөн. Яаж ч арилгах гээд арилахгүй. Надад МАНАН үнэр байхгүй. Би МАНАН-гийн үед албан тушаал хашиж байгаагүй. Сүүлд 2012 онд АН-ын ялалтын үр дүнд ХНХ-ын сайд болсон. Би ам бардам хэлнэ, надад МАНАН-тай холбоотой асуудал байхгүй" гэсэн хариу тайлбарыг сэтгүүлчдэд өглөө.