Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сангаас УИХ-ын нэр бүхий 49 гишүүд албан тушаалаа ашиглаж бага хүүтэй зээл авсан нь олон нийтэд ил болоод байна. Мөн эдгээрээс УИХ-ын найман гишүүн тус сангаас зээл аваад мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн мөн ХХААХҮ-ийн сайд асан УИХ-ын гишүүн Б.Батзоригт ЖДҮХС-ын асуудалтай холбогдуулж Эрүүгийн хуулийн 22.1.3-аар зүйлчлэн, 8 жил хүртэл хугацаагаар хорих ял төлөвлөөд байгаа гэсэн мэдээлэл бий.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр Ц.Нямдорж болоод Д.Оюунхорол нарын гишүүд ямар байр суурь илэрхийлсэн тухай тэмдэглэл мэдээлэл өнөөдөр Зууны мэдээ сонинд нийтлэгджээ.
Хуралдааны үеэр Д.Оюунхорол “Батзориг сайдыг манайх бүлгээрээ авч үлдэнэ гэсэн шийдвэр гаргах байх. Энэ ганц Батзоригийн асуудал биш. Тийм учраас Батзоригийг авч үлдэх байх гэсэн шийдвэр гарна гэж бодож байна. Хэвлэлийн цунамид өртсөн байгаагаа бүгдээрээ яагаад ойлгохгүй сууж байгаа юм бэ. Хэвлэлийн дайнд бүгдээрээ ялагдчихаад сууж байна. Тэр нь, энэ нь гэж яриад яах вэ. Бүгдээрээ ялагдаж байна” гэжээ.
Харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Гишүүддээ ганц зүйлийг ахмад хүн, зовлон үзсэн хүний хувьд яг энэ асуудалтай холбогдуулж хэлье гэж бодсон юм. Яах вэ, энд ярилгүй яах вэ. Нам дээр ярилгүй яах вэ. Ийм үед хамгаалж чаддаггүй юмаа гэхэд амаа хамхиад сууж байх ёстой. Цаана нь хүн ёсны асуудал байна. Би олон, олон ийм хэцүү хамгаалах юманд орж байсан хүн шүү. Ядаж АН-ынхны хажууд элдэв юм битгий ярьж байгаач гэж би заримаас нь гуйгаад байгаа. Хараад сууж байхад АН-ынхны хэлэх үгийг нь зааж өгөөд байна шүү дээ. Болиоч дээ. Би олон үг хэлэхгүй ээ. Ахын ёсоор хэлж үзлээ, хүний ёсоор хэлж үзлээ, зэмлэж үзлээ, аашилж үзлээ. Одоо яах вэ. Үүнийг залуучууд битгий мартаарай. Ийм үед хүний жудаг харагддаг юм. Их хэцүү үе ирж байгаа шүү. Зарим хүн дуусчихсан юм шиг заримдаа аашлах юм. Больчихооч дээ. Тэгээд гараад тайлбар хэлэхээр буруу ярьцгаах юм. Мөсгүй үг хэлээд байгаа учраас би яриад байгаа юм. Занданшатар тав дахь өдөр туйлын хариуцлагагүй үг хэлсэн. Тэр гишүүдийн хардалт дээр нэрмээс болсон. Г.Занданшатар энд байсан бол би нүүрэн дээр нь бүр хатуу хэлье гэж бодож байсан юм. Нэг биш удаа ийм том алдаа гаргаж байгаа. Засгийн газрын шалгалтын дүн ингэж гарч байгаа юм гэж ярьдаг. Юу гэж ойлгох юм бэ. Ер нь алдаатай юмнууд хийгээд байгаа учраас ийм асуудлаа яривал дотроо хоорондоо сууж байгаад ярь, бүлэг дээрээ ярь, нам дээрээ ярь. Энэ байнгын хорооны хурлын үеэр, чуулганы үеэр дахиж битгий ийм үг гаргаач гэж хүсэх гэсэн юм. Тэр хэргүүд прокурор, АТГ-ын түвшинд явж байгаа. Жаахан оролдоод асуугаад ирэхээр хэрэг бүртгэх ажиллагаанд хөндлөнгөөс саад болчих гээд байна гээд хэрэг үүсгэчихээд байгаа шүү дээ. Би ч сайд болсноосоо хойш жилийн хугацаанд өөр дээрээ хэдэн ч удаа хэрэг нээлгүүлчихэв дээ. Миний амыг хаах гэж жигтэйхэн юм болж байгаа. Хүүхдүүд рүү, худууд руу, граж руу, орон сууц руу орсон. Янз янзаар үзэж байгаа. Үүнийгээ жичид нь нэг ярьцгаая” гэжээ.