ВИДЕО: “Барилга бариулахгүй” гэж Д.Цогтбаатар нарын амлалт өгч сонгогдсон СБД-ийн газарт “сонгууль дууссан тул” барилга барихаар болжээ

ВИДЕО: “Барилга бариулахгүй” гэж Д.Цогтбаатар нарын амлалт өгч сонгогдсон СБД-ийн газарт “сонгууль дууссан тул” барилга барихаар болжээ

Улстөрчид сонгуулиар ард түмэнд хайр зарладаг ч сонгогдсон даруйдаа мартаж, “шилээ харуулдаг” гэдгийг иргэд хэлдэг. Энэ нь ч үнэний ортой. 

-ОРОН СУУЦ БАРИХААР УДАА ДАРАА ОРОЛДООД БҮТЭЛГҮЙТЭЖ БАЙСАН ГАЗАРТ “ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ” НЭРЭЭР БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ АВЧЭЭ-

УИХ-ын 2020 оны сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг нар нь сонгуулийн үеэр иргэдийн хүсэлтийн дагуу тус дүүргийн Нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн газарт барилга бариулахгүй гэдгээ амлаж байжээ. 

ВИДЕО: 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Ойн гуравдугаар гудамжны … дугаар тоот хаягт байрлах иргэн У-ийн өмчлөлийн газарт нэр бүхий хүмүүс барилга барихаар удаа дараа оролдлого хийж байсан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан байна. Учир нь тус газар орон сууцнуудтай хаяа дэрлэн байрладаг бөгөөд барилга барих ямар ч боломжгүй бага талбайтай газар аж. Хэрэв тэнд барилга барьвал бусад орон сууцууд руу түргэн тусламж, онцгой байдлын галын автомашин зэрэг том оврын тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болно гэж үзжээ. Тиймээс ч уг асуудлыг тус дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй эрхмүүдэд уламжлахад “Энэ газарт барилга барих ямар ч боломжгүй юм байна. Бид хэрэв сонгогдвол барилга бариулахгүй” гэж амлаж байжээ. Гэвч тэд ийнхүү амлалт өгч иргэдийн итгэлийг хүлээсэн ч тус газарт “Хүүхэд хөгжлийн төв” гэх сайхан нэрээр халхавчилсан барилга барих зөвшөөрөл авсан байна.

Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хороо. 2022.05.20

-ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР ХУУЛЬ ЗӨРЧИЖ, БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН БАЙНА-

Монгол Улсын барилгын норм, дүрмийн орон сууцны барилга өөр хоорондоо болон орчны барилга байгууламжийн зай хэмжээнд 5 давхар барилга нь урт талаараа 21 метр, хөндлөн талаар 12 метр зайх ёстой гэж заажээ. Гэтэл дээрх барилга нь дэргэдэх орон сууцнаасаа хоёр метр ч хүрэхгүй “бөөр”-өөрөө нийлж баригдахаар байгаа юм. Мөн Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6.5 дугаар зүйлд Хотын төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэмд заасан хүн амын нягтралын хязгаарыг давсан газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй гэж заажээ. /Хуулийг ЭНД ДАРЖ уншина уу/ 

Гэтэл Хот байгуулалт, хөгжлийн газар 2022 оны тавдугаар сарын 11 /2022.05.11/-ний өдөр барилгын ажлын зөвшөөрөл олгосон байх аж. Тодотговол, 668м2 талбайд 24м*15м хэмжээтэй таван давхар барилга барих зөвшөөрөл олгожээ. Ингэхдээ “Хүүхэд хөгжлийн төв” хэмээн барилга барих зөвшөөрөл авсан байна. Тус төв нь төрийн бус хувийн хэвшлийнх байх аж.

Харин Сүхбаатар хотын Нэгдүгээр хорооны иргэд дээрх газарт барилга барихаар хууль дүрэм зөрчиж байна. УИХ-ын гишүүд сонгуулиас өмнө тус газарт барилга бариулахгүй гэж амлаж байсан ч өдгөө уг асуудлыг үл хайхарч, иргэдийн эрх ашгийг хүндэтгэж, ямар нэгэн арга хэмжээ авах тал дээр анхаарал хандуулахгүй байна гэдгийг хэлж шүүмжилж байгаа юм. Мөн дээрх газарт барилга бариулахгүй хэмээн тэмцэж эхэлсэн байна. Гэвч эрх мэдэл, мөнгөтэй хүмүүсийн өмнө хүчин мөхөстөж байгаагаа иргэд хэлж байлаа.

Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хороо. 2022.05.20

Тиймээс бид “Хүүхэд хөгжлийн төв”-ийн барилга барихаар зөвшөөрөл аваад буй компанийн удирдлагуудаас мэдээлэл авах гэсэн боловч барилгын талбайд харуулаас өөр хүн байгаагүй юм. Барилгын харуул “Бид энд ямар барилга барих гэж байгааг сайн мэдэхгүй. Албаны хүмүүс нь одоогоор байхгүй байна” гэх хариултыг өглөө. Улаанбаатар хот хэдийнээ бетон ширэнгэ болоод байгаа энд үед хууль, дүрэм зөрчиж энэ мэт барилга барих зөвшөөрөл олгож байгаад холбогдох албаныхан анхаарал хандуулах шаардлагатай байна.  

Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хороо. 2022.05.20