Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт суурин газраас алслагдмал суурьшдаг айлын гэр рүү энэ сарын 7-8-нд шилжих шөнийн 01.00 цаг орчимд баавгай дайрч, улмаар 40 насны эрэгтэй хүний аминд хүрч, 55 настай эмэгтэйг хүнд гэмтээсэн ноцтой хэрэг гарсан.
Баавгайд хазуулж, хүнд гэмтэл авсан иргэн ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж авч байсан. Тэгвэл тухайн иргэнд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдахгүй хүргэсний үр дүнд биеийн байдал нь тогтворжиж, Энгийн тасаг руу шилжсэн байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар "тухайн иргэний гавлын ясны арьс хуулагдсан байсныг нөхөх зэрэг эмчилгээ хийгдсэн бөгөөд нүүрэн хэсэгт ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй аж."