УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Нэгдүгээрт, Ард хийтийн санал асуулгад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцээд хүлээж авсан. Нэгэнт УИХ-аар хэлэлцсэн учир цаашид хэрхэхийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Олонхийн бүлэг Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжиж байна. Энэ ч хүрээнд Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөх үүднээс хоригийг хүлээж авсан. Зөвшилцөх Ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллаж байна. Одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийг тасралтгүй хэлэлцэх нөхцөл бүрдэж байна. Нэгдүгээрт, 73 дугаар тогтоолоо өөрчлөөд ард нийтийн санал асуулга явуулах хувилбар. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө гуравдугаар хэлэлцүүлгээр батлах. Шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор УИХ-ын дарга захирамж гаргаж зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт МАН-аас тав, АН-аас гурван гишүүн бий. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ШИНЭ намын дарга Ж.Батзандан байгаа. Манай намын бүлэг зөвшилцөх ажлын хэсэг хуралдаж шийдэл гаргах нь зүйтэй гэж үзсэн. Зөвшилцлийн ажлын хэсэг өнөөдөр 14 цагт хуралдана" гэв.
Хоёрдугаарт, өнгөрсөн амралтын өдөр шахмал түлшнээс болж иргэд хордсон байж болзошгүй нөхцөл байдлыг ярилцжээ. МАН-ын бүлэг дөрвөн иргэн амиа алдсанд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд эмгэнэл илэрхийллээ. Тиймээс шахмал түлшний талаарх нэгдсэн дүгнэлтийг тодорхой болгох, буруутай албан тушаалтан байвал хариуцлага тооцох шаардлагатай гэж үзжээ. Мөн болсон үйл явдалтай холбоотойгоор Засгийн газрыг албан ёсоор мэдээлэл өгөхийг шаардсан гэж мэдэгдлээ.