Өмнөд Солонгосын Тагнуулын алба Ази тивээс анх удаа НАТО-ийн Кибер хамгаалалтын бүлэгт гишүүнээр элслээ.
Энэ талаар Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба (NIS) албан ёсны мэдэгдэлдээ “2008 оны тавдугаар сард Эстони улсын Таллин хотод байгуулагдсан НАТО-ийн Кибер Хамгаалалтын Төв(CCDCOE)-д хувь нэмэр оруулахаар гишүүнээр элслээ. Бид уг төвд сургах мэргэжилтнүүдийнхээ тоог нэмэгдүүлж, хамтарсан бэлтгэл сургуулилалтаа өргөжүүлэн, кибер хамгаалалтын хүчин чадлаа дэлхийн түвшинд хүргэхийг зорьж байна” гэжээ.
Гэвч Өмнөд Солонгосын уг үйлдлийг Хятадын талаас тийм ч таатай хүлээн авсангүй. Тодруулбал, дээрх мэдэгдлийн дараа Хятадын Коммунист Намын хэвлэлийн төлөөлөгч Ху Сижин “Өмнөд Солонгосын энэ алхам нь манай улсыг доромжилсон хэрэг. Тэр ч байтугай Азид дайны үндэс суурийг тавьж байна. Хэрэв Өмнөд Солонгос хөршүүдийнхээ эсрэг дайсагнасан замаар явах юм бол энэ замын төгсгөл нь дараагийн Украин байж магадгүй” хэмээн твиттер хуудастаа бичжээ.
Орос Украин руу түрэмгийлж байгаа энэ үед Өмнөд Солонгос улс НАТО-ийн бүлэгт элссэн нь зарчмын хувьд өөрсдийн байр сууриа илэрхийлж буй хэрэг юм. НАТО-ийн Кибер Хамгаалалтын Төвд НАТО-ийн гишүүн 27, гишүүн бус таван орон багтдаг.
НАТО-ийн гишүүн орнуудаас Бельги, Болгар, Чех, Дани, Эстони, Франц, Герман, Грек, Унгар, Итали, Латви, Литва, Нидерланд, Норвеги, Польш, Португал, Румын, Словак, Испани, Турк, Их Британи, АНУ-ууд тус төвийн гишүүн юм. Харин гишүүн бус таван орон нь:
- Австри
- Финланд
- Өмнөд Солонгос
- Швед
- Швейцарь юм. Мөн Ирланд, Япон улсууд санхүүжилт олгодог байна.
Эх сурвалж: Times