Төрийн байгуулалтын байнгын хороо хаалттай хуралдаж /2022.04.29/ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Энэ талаар тус байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэлэхдээ "Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг үндэслэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн" гэсэн юм.
Үүний өмнө Хууль зүйн байнгын хорооноос мөн адил шийдвэрийг гаргасан юм. Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан уг санал дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцэнэ.
Ташрамд дурдахад, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг энэ сарын 25 /2022.04.25/-ны өдөр УИХ-д хүргүүлсэн. Хуулийн дагуу ажлын тав хоногт багтаан уг асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх учиртай.