Сонгууль дөхөж, улс төрчдийн иргэдтэй хийх уулзалт, амлалтууд идэвхжиж байна. Харин Н.Энхбаярын толгойлдог МАХН 2020 оны УИХ-ын сонгуулийн ээлжит амлалтаа өгөөд эхэлсэн. Учир нь тус нам “Иргэдийн ипотекийн зээлийн хүүг тэглэж, тэднийг үнэгүй орон сууцанд амьдруулах боломжтой” талаар мэдээлэл хийсэн.
Энэ тухай МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжамьян өөрийн твиттер хуудаснаа“МАХН эрх баригч болно. 2020 оноос эхлэн ипотекийн зээлийг 0% хүүтэй болгоно. Шинээр орох хүмүүсийг тийм зарчмаар оруулна. Өмнөх орсон хүмүүсийн төлсөн хүүг үндсэн төлбөрт тооцно. Барилгын салбар тэлнэ. Банкууд эрүүлжинэ. Хүмүүс аз жаргалтай болно” гэсэн удаа бий.
Мөн өнөөдөр МАХН-ын төв байрны өмнө “Үнэгүй орон сууцны бүртгэл”-ийн нээлт хэмээх арга хэмжээ болж, Н.Энхбаяр нарын хүмүүс үг хэлсэн байна. Харин тэдний энэхүү амлалтад итгэж, тэднийг сонгоно гэж бодсон бол том эндүүрэл гэж шүүмжлэх иргэд цөөнгүй байгаа юм.