УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар эхэнд 2022 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Энэ удаагийн төсвийн тодотгол маш хангалтгүй болж байна. 18.1 их наяд төгрөгийн зардалтай төсвийг бууруулна гэж орж ирсэн ч 17.9 их наяд болж бараг тоо хэвээрээ байна. Төсвийн тодотгол анхнаасаа төсвийн зарлагыг бууруулах хүлээлттэй байсан. Гэтэл бодит байдал юу болж байна. 2.4 их наядын төсвийн алдагдал яг хэвээрээ. Төсвийн хуулийг дагаж орж ирсэн Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар 30 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн. Энэ их тоо мэт сонсогдож байгаа ч 18 их наядтайгаа харьцуулахад 600 хуваасны нэг. Хэмнэлт гэж хэлэхэд хэцүү. Буруу бодлогоор зарим зүйлийг хойшлуулж байгаа нь заримдаа илүү зардал гардаг. Ард түмэн маш их хүлээлттэй байсан. Гэвч нүглийн нүдийг гурилаар хуурсан баримт бичиг орж ирээд эцсийн хэлэлцүүлэгт шилжиж байна" гэлээ.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Гудамжинд жагссан иргэн ч бай, төрийн албан хаагч ч бай хэн бүхний хувьд төр тансаг, цамаан, данхар харагддаг болсон. Үүнийг цэгцлээч гэдэг байр суурь байгаа юм. Мөнгөндөө биш хандлага зарчимдаа төрийн хэмнэлтийн тухай хуулийн агуулга оршиж байгаа гэв. Тавдугаар сараас 12 сар хүртэлх хугацаанд нийт 39 тэрбум төгрөгийг хэмнэж байгаа юм шиг харагдаж байгаа. Гэхдээ дотор нь зардал гүйлгэх эрхтэй учраас хэмнэгдэх бодит зардлын хэмжээг тодорхойлох амаргүй. Нэг жилээр нь тооцвол 100 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдах байх. Мөнгөндөө биш хандлага зарчимдаа төрийн хэмнэлтийн тухай хуулийн агуулга оршиж байгаа. Төрийн хэмнэлтийн хууль зарчмын хувьд зөв. Өчигдөр ТБХ ахин хуралдаад унасан зарим асуудлыг босгож оруулж ирсэн" гэв.