Н.Энхболд гишүүн эзгүй учир Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдахгүй

Н.Энхболд гишүүн эзгүй учир Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдахгүй

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын нэр бүхий гишүүд /Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг/-ийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг энэ сарын 25 /2022.04.25/-ны өдөр УИХ-д хүргүүлсэн. Хуулийн дагуу ажлын тав хоногт багтаан уг асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх учиртай. Иймд өчигдөр /2022.04.27/ Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн ч хэд, хэдэн шалтгаанаар шийдвэр гаргаж чадалгүй тарсан.

Тэгвэл тус хороо өнөөдөр ч хуралдахгүй төлөвтэй байна. Учир нь тус хорооны дарга Н.Энхболд эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүй байгаа аж. Түүнийг ирсний дараа тус хороо дахин хуралдаж шийдвэр гаргах юм. 

Тус хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил энэ талаар хэлэхдээ "Н.Энхболд гишүүнийг ирсний дараа шийдвэр гаргана. Учир нь Халдашгүй байдлын дэд хороо дөрвөн гишүүнтэйгээр шийдвэр гаргах боломжгүй. Хэрвээ хоёр, хоёроороо санал тэнцвэл шийдвэр гарахгүй. Тиймээс тус хороо нь таван гишүүнтэй байдаг. Энэ дагуу бүрэн бүрэлдэхүүнээрээ байж шийдвэр гаргана" гэсэн юм.