Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын дэд дарга Ч.Отгочулуу: Төсвийн тодотгол нь өрийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн төсөв болсон байна. Ингэхдээ дансны аргаар заль зохисон нь харагдаж байна. Жишээлбэл, Дэлхийн банк манай улсын Засгийн газрын өрийг эдийн засгийнхаа 92 хувьтай тэнцэж байгаа талаар дүгнэлт гаргасан. Гэтэл Засгийн газар 50 хувьтай байгаа гэж өрийн таазыг хуурч гаргасан оролдлого гаргаж байна. Монголбанк болон бусад банканд дээр байгаа өрийг хасаж тооцсон байгаа юм.
Мөн зөвхөн Хэнтий аймагт 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж байна. Гэтэл нийт төсвийн хөрөнгө оруулалтын 3 их наяд орчим байдаг. Цахим хөгжлийн яамтай болсон. Хэнтий аймагт иргэдэд үйлчлэх төвийг хүртэл байгуулахаар болсон байна. Мөн Хэнтийд далд уурхайн музей, Дэлүүн болдогт онгоцны буудал, орон нутаг судлах музей, Ханхэнтий чуулга, соёлын төвүүдийг олноор байгуулна гэж тусгажээ. Мөн сургууль цэцэрлэгийг олноор байгуулах юм байгаа нь сайшаалтай. Гэвч Хэнтий аймагт илүү байгаа нь ардаа алагдчилсан төсөв болж. 74 тэрбумаар Хэнтийд дулааны станц барина гэж тусгажээ. Төсвийг нэг жил гурван удаа хэлэлцэж байна гэдэг нь маш муу ажиллаж байгаагийн жишээ" гэв.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал анхнаасаа эрх баригч намын жүжиг байсан. Та бүхэн ч үүнийг харсан. Ярьж явсаар одоо МАН-аас гуравхан гишүүн үлдчихлээ. Энэ асуудал ч сүүлдээ бүдгэрэх юм шиг байна. Бидэнд байгаа мэдээллээр, асуудалд оролцсон гишүүд мөнгөө сонгуулийн хандивтаа өгчихсөн юм шиг байна. Өөрөөр хэлбэл, МАН 2020 оны УИХ-ын сонгуулийн мөнгийг Хөгжлийн банк, ТӨХК-иудаас босгосон дүр зураг харагдаж байна. Тиймээс ч хацаанд ороод байх шиг байна. Үнэхээр ийм зүйл болоогүй бол Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Улсын Ерөнхий прокурор үндэслэлгүй санал оруулж ирсэн бол түүнийг нь буцаа, үндэслэлтэй байвал хариуцлага тооцох ёстой. Хэрвээ УИХ-ын гишүүдийг хуулийн үндэслэлгүй зүйлээр буруутгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гэж орж ирсэн бол Ерөнхий прокурорт хариуцлага тооцох ёстой. Яагаад Ерөнхий прокурор улс төрийн зорилгоор УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан асуудлыг гаргаж тавих хэрэгтэй. Ингэж байж л Монгол Улсад хариуцлага, ёс зүй тогтоно.
Харин хууль бус сунгаа, түүнээс тодорсон нэр дэвшигчийг бурхан байсан ч бүртгэх боломжгүй. Монголд хууль гэж бий. Тиймээс энэ тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. УДШ-ийн баталсан дүрмийн дагуу Ардчилсан нам шинэ зохион байгуулалтад орох шаардлага байгаа. Удахгүй шинэчлэлийн ажилдаа орно.